Улаанбаатар хотод нэгдүгээр төрөхөд төрсөн. Улаанбаатарын хотын унаган хүүхэд. Ам бүл тав. Хоёр дүүтэй. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний ээж 1-р сургуулийн сагсны шигшээ багт тоглодог байсан. Намайг анх төрөхөд эх барьсан эмч ээжид сагсчин хүүхдээ аваарай гэж хэлж байсан гэдэг. Тэгээд бодохоор ер нь сагсчин л болох ёстой байсан гэж бодогддог. Багадаа сагс тоглодог, хичээлээ хийдэг даруухан хүүхэд байсан.
Аав маань намайг дагуулаад дэлгүүрээс сагсны жижиг шийд авч өгч байсан. Жижиг бөмбөгтэй, жижиг шийд. Хамгийн анх тэгж л сагстай нөхөрлөж эхэлсэн. Аав гэрийн хаалганд жижиг шийд зоож өгснөөс хойш сагсан бөмбөгөөс салахаа больсон. Аав бас спорт зааланд ажлынхантайгаа сагс тоглохдоо намайг дагуулж явдаг байсан. Би аавыг дагаж зааланд бөмбөг шиддэг болоод тэр цагаас хойш сагсанд бүр илүү их дуртай болсон. Хамгийн их тууштай болох шалтгаан нь сагсан бөмбөгт хайртай учраас. Талбай дээр гарч, сагс тоглох үедээ ямар нэгэн проблем асуудал бүх зүйлийг мартчихдаг. Сагсан бөмбөгийн спортод чин зүрх сэтгэлээсээ, үнэхээрийн их хайртай. Сагстай холбоотой хамгийн нандин дурсамж бол өсвөрийн тэмцээн. Өсвөрийн тэмцээн бага байхад бид нарын үед гоё болдог байсан. Их дурсамжтай санагддаг. Мөн мэдээж дээд лигт анх тоглож байсан, шигшээ багт анх дуудагдаж байсан үеүд, анх удаа дээд лигт аварга болж байсан гээд дурсамжтай мөчүүд зөндөө л байна. Хамгийн дурсамжтай нь гэвэл 2009-2014 оны хооронд шигшээ багт үеийнхээ залуучуудтай хамт тоглож, нэлээн амжилттай байсан тэр үе л сайхан дурсамжтай үе.
Хип хоп дуунд дуртай. Notorious “B.I.G”-ийн улаан фэн. Хип хоп дуу бол үүрд.
2006 онд өсвөрийн улсын аварга болоод анх дээд лигт “Харцага” багт орж байсан. 2006 оноос хойш 17 дахь жилдээ дээд лигт тоглож байна. Сэтгэгдэл өндөр байгаа. Одоо бол ахмад тамирчин болсон юм шиг мэдрэгдэж байна. “Хасын Хүлэгүүд” клубт хоёр дахь жилдээ тоглож байна. Ахиад багтайгаа аварга болохын төлөө өөрийн чадах бүхнээ зориулах болно. Дээд лигийн уур амьсгал гоё байгаа. Шинэ ордон, заалтай болсон, олон багууд орж байгаа гээд өрсөлдөөн ихтэй, гоё байна.
МУИС-т хамт тоглодог байсан Ихээ ах, Баттөр ах нараас үлгэр дуурайлал авч ирсэн. Баттөр ахын хувьд 1-р сургуулийн ах, МУИС-ын ах учраас илүү ойр үлгэр дуурайлал авч ирсэн. Юу нь илүү таалагддаг вэ гэхээр Ихээ ахын хувьд хүнтэй харьцах харилцаа нь таалагддаг. Ихээ ах хэнтэй ч ялгалгүй харьцдаг, тэр занд нь их дуртай байсан. Төрөө ахын хувьд тамирчин хүн ямар байх ёстой юм, формоо хэрхэн хадгалах вэ, өөрийгөө яаж бэлдэх ёстой юм, олон жил яаж тогтвортой тоглох ёстой вэ гэх олон зүйлийг өөрөөрөө харуулж чаддаг тоглогч гэж боддог.
Эмэгтэй хүний халамжтай байдалд дуртай. Эхнэрийнхээ халамжтай зан болон хонхойдог хацарт нь дуртай.
Бага байхдаа өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс медаль авахыг хүсэж, боддог байсан. 2006 онд Тайландад болон өсвөрийн дэлхийн наадмаас Монголын шигшээ багаар медаль хүртэж байсан. Дараа нь 2010, 2012 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа гуравдугаар байрт орсон. 2013 онд Казаны оюутны универсиад наадамд 24 багаас 16-р байрт орсон. 2014 онд Инчоны Азийн наадамд шилдэг 8-т Монгол улс анх удаа орсон. Онцлох амжилтууд гэвэл эдгээр тэмцээний амжилтууд. Дээд лигт 6 удаа түрүүлсэн.
Эргэн тойрны хүмүүсээс нэг хүний бодлыг унших боломж байх байсан бол хүүхдүүдийнхээ бодлыг уншиж үзэхийг хүсэх байсан. Хүүхдүүд маань дотроо юу бодож байна, намайг юу гэж бодож байна, юу хүсэж байна гэх зэрэг. Илүү ойлгохын тулд хүүхдүүдийнхээ л бодлыг мэдэх байсан.
Чөлөөт цагаараа сагс үздэг. NBA, Euro league-ийн тоглолтуудыг үздэг. Илүү их суралцахын тулд байнга сагс үздэг. Сагсан бөмбөгийг бүхий л боломжоороо үзэж, судалж, мэдрэх дуртай. Сагсан бөмбөг бол миний ажил, чөлөөт цаг. Сагсан бөмбөг бол миний амьдрал.
Солонгос нэг ангит гангстер кинонд дуртай. Олон ангит гэвэл “Game of Thrones”. “Game of Thrones”-ийн улаан фэн. Ер нь адал явдалтай, онц сонирхолтой кинонд дуртай. Одоо яах бол, одоо яах бол гэж үзэх чинь гоё шүү дээ. Монгол кинонууд даанч тийм үйл явдал байхгүй дээ.