2000 оны 8-р сарын 11-нд Налайх дүүрэгт төрсөн. Ам бүл тавуулаа. Айлын бага хүү. Манай гэрийнхэн бүгдээрээ спортоор хичээллэдэг. Хоёр эгч сагс тоглодог байсан. Манай аав болохоор сагс, волейбол, үндэсний бөхөөр хичээллэдэг байсан.
Сагсан бөмбөгийн спортоор 4-р ангиасаа хичээллэж эхэлсэн. Анх хоёр эгчийгээ дагаж яваад энэ спортод татагдсан. Талбай дээр тоглож эхлэхэд сагснаас авч болох бүх аз жаргалууд бага, багаар намайг татсаар байгаад энэ спортоор тууштай хичээллэх болсон. Тоглолтуудаас хожсон гэхээс илүү хожигдсон үеүд дурсамжтай санагддаг. Хожигдсон тоглолтуудаас туршлага хуримтлуулдаг.
Ер нь тоглолтын өмнө байнга дуу сонсохыг боддог. Бие халаалтын өмнө хувийн бэлтгэл хийж байгаа үедээ ихэвчлэн хип хоп, цохилттой, цоглог дуу сонсдог. Харин чухал тоглолтын үед бол аль болох тайван дуу сонсож, бодлоо цэгцэлдэг.
Сагсан бөмбөгөөс дотнын найз олон. 3х3 залуучуудын шигшээ багийн олон тамирчид байгаа. Мөнхтөр, Ган-Эрдэнэ, Хуягаа гээд найзууд зөндөө бий. Өөрөө би нийтэч болохоор найз, нөхөд олонтой.
Багадаа крашлаж байсан олны танил гэвэл Монголоос бол байхгүй. Гадаадаас гэвэл Солонгосын жүжигчин Сун Е-Жинь /Crash Landing On you-д тоглодог жүжигчин/
16 настайдаа өсвөрийн шигшээ багт багтаад Европ руу тэмцээнд явж байсан. Тэр тэмцээн рүү явж ирээд Тэнүүн-Өлзий багт орсон. Өсвөрөөсөө эхлээд Тэнүүн-Өлзий багийнхаа Д лиг, А лиг, 21 аймгийн лигийн багт тоглоод доороос нь дэвшсээр байгаад өнгөрсөн жилээс дээд лигийн багт багтсан. Дээд лигийн зохион байгуулалт энэ жил супер байгаа. Үлгэр дуурайлал авдаг сагсчин гэвэл Дөлгөөн “Монх” ахаас үлгэр дуурайлал авч ирсэн. Анх сагсанд дуртай болж, харж байсан тоглогч гэвэл Билгүүн “Tommy” ах. Багийн хувьд бэлтгэл сайн байгаа. Миний хувьд харин хэд, хэдэн бэртэлтэй байгаа учраас сайжрах шатандаа, бага багаар дээрдэж байгаа.
Эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүнийг хүндэлдэг зан чанарт дуртай. Өөрийнхөө хэт зөрөөд, уурлаад байдаггүй шинж чанар таалагддаг. Найз охиныхоо уяхан, зөөлөн чанарт дуртай. Бас их мэдрэмжтэй занд нь татагдсан.
Энэ жил шигшээ багийн цугларалтад дуудагдсан ч гэсэн бэртэлтэй байсан болохоор оролцож чадаагүй. Цаашид бэртлээ эдгээж, 3х3 төрөлдөө ч, 5х5 төрлөөр ч Монгол улсынхаа нэрийн өмнөөс тэмцээнд амжилттай оролцох зорилготой байна.
Ойр дотнын хүмүүсээс хэн нэгний бодлыг уншиж болох байсан бол дасгалжуулагч гэж хэлж болно. Гэхдээ дасгалжуулагчийнхаа бодлыг мэдчихээд байвал суралцах процесс өрнөхгүй байх. Тийм болохоор хэрвээ тийм боломж гарах байсан бол найз охиныхоо бодлыг унших байсан. Намайг юу гэж бодож байна, миний юу таалагдаж, юу болохгүй байгааг мэдэх байсан.
Чөлөөт цаг бараг гардаггүй. Өглөө хувийн бэлтгэл, өдөр хүчний бэлтгэл, орой багийн бэлтгэлтэй байдаг болохоор. Хэрвээ чөлөөт цаг гарвал найзуудтайгаа бильярд тоглох дуртай. Мөн усанд сэлэх маш их дуртай, pool бассейнд байх ер нь их дуртай. Зуны цагт бол хөдөө явах дуртай.