1996 онд Орхон аймагт төрсөн. Ам бүл зургаа. Хоёр эгч, нэг ахтай. Дэлгэрхүүг бага байхад ах, эгч нар нь бүгд бассейнд явдаг байсан. Дэлгэрхүү гэр бүлээсээ ганцаараа сэлж чаддаггүй үлдсэн байсан учраас ээж нь түүнийг усан спортын төвд дагуулж очиж байсан түүхтэй.
Дэлгэрхүү 7 настайдаа анх усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэр үеэс хойш 7 жил хичээллээгүй. 14 настай байхдаа дахин бассейнд очих болсон. Тэр цагаас хойш тасралтгүй усанд сэлэлтээр хичээллэх болсон. Тууштай хичээллэх болсон шалтгаан нь Орхон аймгийн усан спортын төв тогтмол хичээллэж байгаа тамирчдаа үнэгүй хичээллүүлдэг нь урам болдог байсан. Цол зэргээ ахиулна гэж нормотив хангах гэж тэмцээн уралдаанд бэлтгэдэг байсан. Тэр болгонд зорьсондоо хүрэхгүй байх тохиолдолд шантрах үе байсан. Шантрах үед номер нэг дасгалжуулагч “coach”, сэтгэлзүйч нь ээж нь байсан.
Спортын бүх төрлүүдэд дуртай. Ялангуяа экстрим спортод дуртай. Чөлөөт цагаараа мотоцикл унах дуртай. Шүхэр, мотоцикл, гүний шумбалт зэрэг экстрим, адал явдалтай, эрсдэлтэй төрлүүдээр хичээллэх дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр бол спортод бүх амьдралаа зориулахаар сонгосон явдал. Усанд сэлэлтээр хичээллээд олон жил болсон байсан учраас 10 жилийн сургуулиа төгсөөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад үргэлжлүүлэн спортод сэтгэл зүрхээ зориулах шийдвэр нь амьдралдаа хийсэн хамгийн чухал шийдвэр байсан. Энэхүү шийдвэр нь усанд сэлэлтийн спортоор тууштай хичээллэж, амжилт гаргах үндэс болсон гэж боддог.
Хамгийн их айдаг зүйл бол хайртай хүн, гэр бүлийнхнээ алдахаас айдаг.
Дуртай хоол цуйван. Хүүхэд байхаас нь аав нь маш амттай хоолнууд хийдэг байсан. Тэр дундаа цуйванг амттай хийдэг байсан учраас цуйванд хамгийн их дуртай.
Эмэгтэй хүний чөлөөтэй, өөрийнхөөрөө байгаа зан чанарт дуртай. Бусад хүмүүст таалагдах гэж хичээдэггүй ч байгаа байдал нь цэвэрхэн, хөөрхөн байгаа эмэгтэй хүн таалагддаг.
Дэлгэрхүү өөрийн голчлон уралддаг төрөл болох өврөөр даллах сэлэлтээр Монгол улсын рекордуудыг шинэчлэн тогтоож, эзэмшдэг. Токио-2020 зуны олимпын наадамд оролцсон амжилттай. Цаашдын зорилго нь өөрийн сурсан техник, арга барилаа зааж өгөх гарын ганц шавьтай болохыг хүсдэг.
Аливаа зүйлд тууштай байх нь амжилтын үндэс гэж үздэг. Үлгэр дуурайлал авдаг спорт гэлтгүй бусад салбарт ч амжилттай яваа, тууштай байгаа хүн бүрээс үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ удаан хугацаанд усанд сэлдэг. Ганцаараа байж дүгнэлт хийдэг. Ялангуяа удаан хугацаанд усанд сэлэхэд сэтгэлээр унасан зүйлээ тунгааж, дүгнэхэд тус болдог. Уснаас гарч ирэхэд аль хэдийн бодол цэгцэрч, шийдвэрээ гаргачихсан байдаг.