1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Түүний эхнэр мөн волейболын спортоор хичээллэдэг. Даваажаргалын удамд мэргэжлийн тамирчин байгаагүй. Урлагийн гэр бүлд өссөн. Түүний аав мэргэжлийн бүжигчин, ээж нь УДЭТ-т ажилладаг.
Волейболын спортоор 12 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Тухайн үеийн хүүхдүүдийн сонирхдог секц, дугуйланд явж анх спортоор хичээллэсэн. Энэ хугацаанд шантрах үе бараг байгаагүй. Волейболын спортоор хичээллэснээрээ хожигдлоос маш их сургамж авдаг. Хожил, хожигдлоос кайф мэдрэх нь их таалагддаг. Хожигдсон багийнхаа эсрэг дараа нь тоглоод хожих нь тууштай хичээллэх үндэс болдог.
Чөлөөт цагаараа гэрийнхэнтэйгээ кино үзэх дуртай. Чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулахыг боддог. Мөн дэлхийн эдийн засгийн талаарх нэвтрүүлэг, судалгаа сонирхох дуртай болсон. Волейболын спортоос гадна бөмбөгтэй төрлийн спортуудад дуртай. Сагс, хөлбөмбөг, америк хөлбөмбөг зэрэг. Мөн усанд сэлэлтийн спортод дуртай.
Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр эхнэртэйгээ суусан нь. Спортоор хичээллэдэг, спортыг ойлгодог хүнтэй сууснаар үргэлж өөрийг нь дэмждэгт нь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр гэж боддог.
Хамгийн их айдаг зүйл бол хүний итгэлийг алдах. Учир нь хүн өөрт нь итгэсэн байхад итгэлийг нь алдахгүй юм сан гэж хичээдэг.
Түүний хамгийн дуртай хоол эхнэрийн хийсэн хоол. Эрүүл хооллохыг хичээдэг. Түүний эхнэр эрүүл хоол хийдэг. Заримдаа гал дээр хийсэн цуйван зэрэг хээрийн хоолонд дуртай.
Түүнд хүлээцтэй эмэгтэй хүн таалагддаг. Тэрбээр эхнэрийнхээ хүлээцтэй, тайван байдалд дуртай. Аливаа зүйлд ухаалаг ханддаг, хүлээцтэй занд дуртай.
2012 оноос хойш волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан. Дээд лигийн 3 удаагийн аварга, Бүх ард түмний спартикадын аварга, клубүүдийн аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга, улсын олон удаагийн аварга. Цаашид шигшээ багийн хамтаар Азийн тэмцээнүүдэд медаль авах зорилготой.
Ажил, амьдрал, спорт чухал ч гэр бүл хамгийн чухал гэж үздэг. Гэр бүлтэйгээ эрүүл саруул байхад бүх юм болно гэж боддог. Аав, ээж ойр дотны хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг. Спорт ментор талдаа Коби, Леброн, Роналду зэрэг шилдгүүдийн спорт, гэр бүл хувийн амьдрал, цаг хугацаагаа хэрхэн дэг журамтай байлгаж ирсэн байдлаас үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ найзуудтайгаа уулзахыг хүсдэг. Өөр орчинд очиж сэтгэлээр унасан зүйлээ мартагнуулах дуртай. Мөн хөдөө явах, гадагшаа явж орчноо сольж сэтгэл санаагаа өргөдөг.