1990.02.22-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл дөрвүүлээ, нэг дүүтэй. Түүний аав нь спортоор хичээллэдэг байсан. Аав Хүрэлбаатар нь МУГТ Шархүү багшийн шавь. Хөлбөмбөг болон шайбтай хоккейн спортоор хичээллэдэг байсан.
Цэнд-Аюуш хөлбөмбөгийн спортоор 1999 оноос 9 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Одоогийн “Хоромхон” клубийн Б.Ганхсүх дасгалжуулагчийн удирдлага дор хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Спорт учраас шантрах тохиолдол тэмцээн тутамд, тоглолт тутамд тохиолддог. Гэсэн ч хөлбөмбөгт хайртай учраас шантрах үе нь эргээд түүнийг хурцлах зүйл болж хувирдаг. Шантарсан ч хурцлагдаж өдийг хүрсэн. Багийн спорт тэр дундаа хөлбөмбөгийн спорт гайхалтай. Тэрбээр ганцаарчилсан спорт, багийн спортын тамирчдын характер өөр байдаг гэж боддог. Цэндээ өөрөө нийтэч хүн учраас багийн спортод дурлаж, контакктай спорт учраас дурлан хичээллэсэн.
Чөлөөт цагаараа гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө хөгжилтэй өнгөрөөх дуртай. Хөлбөмбөгийн спортоос гадна биллиард, волейбол, ширээний теннис, сагсан бөмбөг тоглох дуртай. Бөмбөгтэй спорт болгоныг сонирхогчийн түвшинд оролддог.
Амьдралдаа олон зөв шийдвэр гаргасан гэж боддог. Мөн адил алдаатай шийдвэрүүд ч гаргасан. Тэр дундаа 1999 оноос хөлбөмбөгийн спортыг сонгож, хичээллэх болсон нь түүний хамгийн зөв шийдвэр.
Түүний хамгийн их айдаг зүйл бэртэл гэмтэл. Мөн үхэл хагацлаас их айдаг. Элэг бүтэн, урт удаан хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хүсдэг.
Түүний дуртай хоол хоёрдугаар хоол. Ялангуяа Монгол хүн бүрийн дуртай хоол болох цуйванд дуртай. Цэндээг найзууд нь Цэндээд дуртай хоол гэж байхгүй, порц ихтэй хоолонд л дуртай гэж хэлдэг байна.
Илэн далангүй, чөлөөтэй яриатай, элдэв хуурамч хэв маяггүй эмэгтэй хүн таалагддаг. Тамирчин хүний гэр бүл учраас түүнийг ойлгож дэмждэг, нөхрийнхөө ар талыг бүрэн дааж чаддаг, нөхрийнхөө хамгийн том зөвлөгч, шүүмжлэгч байж чаддаг эхнэрийнхээ занд нь дуртай.
Цэнд-Аюуш 2004 онд 14 настайгаасаа өсвөрийн шигшээд дуудагдсан. 2007 онд 17 настайдаа Монголын үндэсний шигшээд анх дуудагдаж, өдийг хүртэл тоглож байна. Түүний санаанаас гардаггүй хамгийн сэтгэл догдлом амжилт нь 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд Монголчууд түүхэн анхны хожлыг авахад, Цэнд-Аюуш түүхэн анхны гоолыг оруулсан явдал. Мөн 2019 онд зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-ий урьдчилсан шатанд 2-р шатанд Монголын шигшээ баг шалгарсан түүхэн амжилтуудыг хамт бичилцсэн нэгэн.. 2019 онд тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны шилдэг тамирчин болж, “Алтан Бөмбөг”-ийн эзэн болсон. Түүний зорилго МХБХ-ны Моби дээд лигийн тэмцээнд энэ улиралд багаараа эхний 3 байранд орох. Мөн 6-р сард Монгол улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод эхний гоол, эхний хожлыг авч хөгжөөн дэмжигчдэдээ онцгой тоглолтыг үзүүлэхийг маш их хүсэж байгаа.
Найз нөхөд болон эхнэр гэр бүлээсээ урам зориг авч, хурцлагдаж байдаг. Мөн өрсөлдөгчдөөсөө хурцлах зүйлсийг авч, цааш хичээдэг. Үе, үеийн хөлбөмбөгийн ах нараасаа үлгэр дуурайлал авч ирсэн. Одоо хамт тоглож байгаа найзуудаасаа суралцдаг. Гадаадын хөлбөмбөгийн тамирчдаас үлгэрлэж, юу хийж болох уу, юун дээрээ би алдаж байгаа вэ гэж мөн бодож, сурсаар ирсэн.
Цэнд-Аюуш сэтгэлийн эмоци ихтэй хүн. Тиймдээ ч амархан баярлаж, амархан сэтгэлээр унадаг. Мөн тэр хэрээрээ амархан аливаа зүйлсийг мартаж тайтгардаг. Сэтгэлээр унах үе их гардаг. Ялангуяа хожигдох их дургүй. Хожигдож, сэтгэлээр унасан үедээ гэртээ хариад нэг, хоёр цагийн дараа усанд ороод хурдан тайвширдаг. Ер нь аливаа зүйлд хурдан тайвширдаг.