Жүдо бөхийн тамирчин ОУХМ Э. Ариунболдын эхний барилдаан 7 сарын 27-ны 16 цагт болно. Түүний хувьд олимпын эрхийн дэлхийн чансаагаар 60кг-ийн жинд 13-т эрэмбэлэгдэж байгаа бол уг жинд Тайвань улсын тамирчин Ян Юн Вэй тэргүүлж, Гүрж улсын тамирчин Сардалашвили Гиорги хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Манай тамирчны жинд (60кг) нийт 25 бөх байна. Тэрээр D зоонд эхний барилдаанаа Египт улсын тамирчин Юссри Сэмитэй, ялвал Францтай шөвгийн 8-д үлдэхийн төлөө хүч үзэх юм. Египтийн тамирчин Юссри Сэми нь олимпын эрхийн дэлхийн чансаагаар 60кг-ийн жинд 28-т эрэмбэлэгдэж байна. Жүдоч 21 настай Юссри Сэми нь 2022 онд Сараево хотод болсон Европын цомын тэмцээнээс алтан медаль, 2024 онд Каир хотод болсон Африкийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан залуу тамирчин юм.