Европын хөл бөмбөгийн 2023-2024 оны улирлын "Алтан шаахай" шагнал гардуулах ёслол мягмар гарагт боллоо. "Байерн Мюнхен" клубын довтлогч, Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн Европын хөлбөмбөгийн шилдэг мэргэн буучаар тодорч, "Алтан шаахай" шагналыг хүртжээ.
Харри Кейн нь "Байерн Мюнхен" клубт 2023 оноос эхлэн 32 тоглолтод оролцохдоо багийнхаа төлөө 36 гоол оруулсан бөгөөд 2000 онд Кевин Филлипсээс хойш уг шагналыг хүртсэн анхны Англи довтлогч болж байгаа аж. Тус шагналыг "Байерн"-ээс Герд Мюллер, Роберт Левандовски нар тус бүр хоёр удаа хүртэж байсан бөгөөд гурав дахь "Алтан шаахайтай Байерны тоглогч" болж байна.
“Энэхүү шагналыг хүртсэндээ маш их баярлаж байна. Мөн би шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна. Надад мэдрэгдэж буй энэ эрч хүч намайг хаашаа хөтлөхийг тэсэн ядан хүлээж байна” гэж Х.Кейн шагнал гардан авах үеэрээ хэлжээ. Мөн тэрээр багийн амжилтыг хүсэж байгаагаа онцолж, “Би өнгөрсөн улиралд эхэлсэн шигээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа ч аварга авах нь чухал. Бид багаараа амжилтанд хүрэхийг хүсэж байна." гэсэн байна.
"Европын Алтан шаахай" шагналыг хамгийн олон удаа хүртсэн тоглогч бол Лионель Месси бөгөөд тэрээр уг шагналыг зургаан удаа хүртжээ. Харин Кристиано Роналдо дөрвөн удаа хүртсэн бол Эрлинг Хааланд өнгөрсөн улиралд анх удаа тус шагналын эзнээр тодорсон.
BBC