Парисын олимп надад маш их зүйл ойлгуулсан. Монгол боксчдын тэр тусмаа эмэгтэй тамирчин дүү нартаа боломж байгаа гэдгийг харуулсандаа баяртай байгаа.
Олимпын тулаан бүр маш хэцүү, хүнд байсан. Бүх тоглолтуудаасаа сургамж авч, дутуу зүйлээ мэдэрч, өөрийгөө илүү нээж чадсан. Надад одоо байгаагаас илүү зүйл байгаа гэдгийг маш сайн ойлгосон.
Ажлаа бас бэлтгэлээ чин сэтгэлээ хийх дуртай. Бэлтгэлээ хийхээр тайван, төвлөрөөд маш гоё байдаг.
Багадаа хөдөлгөөнтэй, дуу гаргалгүй чимээгүй үймүүлдэг, зальтай хүүхэд байсан. 2011 онд боксын спортод хөл тавьж байлаа.
Анхны багш МУГТ А.Гантулга багш маань. Одоог хүртэл надад зааж, сургаад явж байна. Анхны тэмцээн дээр цохиулахад аав ээж хоёр маань минь уйлаад харж чаддаггүй байсан бол одоо мэргэжлийн багш дасгалжуулагч шиг л зөвлөгөө өгдөг болсон.
Боксын спортоос бууж өгдөггүй зан чанар, амьдралд тэмцэж чадах тэмцэл, өөрийгөө ялан дийлэх, хүчирхэг байх зан чанаруудыг биеэрээ сурч ойлгож авдаг. Парисын олимпын дараа яг л шинэ хичээл орж байгаа мэт бүх санагдсан.
Миний хувьд ном унших, юм оёх, алхалт хийх дуртай. Тэмцээний дундуур хамгийн тохиромжтой сэтгэл санаагаа тайван байлгадаг зүйл бол юм оёх. Төвлөрөхөд тус болдог учраас хичээнгүйлэн оёдог. Одоо аавдаа даалин урлаад бараг дуусаж байна.
Рингнээс гадуур хүнтэй зодолдох бодол хааяа орж ирнэ.Тэгвэл яах уу, ингэвэл яах уу гээд төсөөлж өгнө. Гэхдээ яг цаг нь тулаад зодолдохоо хүрвэл чадахгүй байх. Би чинь өрөвч, хүнтэй шөргөөлцөлдөж чаддаггүй хүн.
Найз залуу байхгүй ч Сrush бол байгаа. Хүнээс хамгийн эхлээд хүнтэй харилцах харилцааг нь харна. Хөөрхөн инээдэг байвал гоё санагддаг. Ажилтай хөдөлмөрч тууштай хүмүүс таалагддаг.
Тамирчин дүү нартаа спорт сонирхогчиддоо захиж хэлэхэд “Зорьсон л бол заавал хүрээрээй. Бэлтгэл хийхдээ хэзээ ч битгий төвөгшөөж, өөрийгөө хуурч залхуураарай. Нэгэнт л хийж байгаа юм чинь минут секунд бүрээ өөртөө зориулж, жаргалтай инээж байгаад бэлтгэлээ хийгээрэй.
Хожил болгон аварга болохгүй, хожигдсон ч ахиад ахиад эхлүүлж, хүчтэй шантаршгүй байдлыг өөртөө байнга оруулж байгаарай. Спорт хэзээ ч нэг тэмцээнээр дуусахгүй. Дараагийн тулаандаа бэлэн байх хэрэгтэй. Ямар ч үед дасгалжуулагчаа, шүүгчээ бусад хүмүүсийг хамгийн гол нь өрсөлдөгчөө хүндлээрэй.