1996 онд Багануурт төрсөн. Ам бүл тавуулаа. Нэг ах, нэг дүүтэй. Одоо нөхөртэйгөө хамт амьдардаг. Манай нөхөр волейболын тамирчин, “Тэнүүн Огоо” клубт тоглодог Ууганбаяр. Миний хувьд багадаа хөдөлгөөнтэй, эршүүд хүүхэд байсан. Хүүхдүүдтэй зодолдож тоглодог хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа.
2007 оноос эхлэн волейболоор Эрдэнэчулуун багшийн секцэд хичээллэж эхэлсэн. Анх аав намайг дагуулж очоод, энэ хүүхдийг сайн холбогч болгоорой гэж өгч байсан гэдэг. Тууштай хичээллэх болсон шалтгаан нь би өөрөө их шартай мөн ээж маань намайг волейболоор хичээллэхээр дуртай байдаг болохоор үргэлжлүүлэн тоглож, тэмцээнд орох дуртай байдаг. Ээж, аавын маань дэмжлэг их нөлөөлдөг.
Хүүхэлдэйн кино үзэх их дуртай. Гэртээ байвал үзсэн хүүхэлдэйгээ давтаад, ээлжлээд үзээд сууж байдаг. Рапунзел, Мэлхий гүнж, Үнсгэлжин, Ариэл, Үзэсгэлэнт гүнж ба Жонон хоёр гээд ер нь хуучны гүнжтэй хүүхэлдэйнүүдэд илүү дуртай. Үзэхэд нэг тийм гоё мэдрэмж өгдөг.
Чухал тоглолтын өмнө намуухан дуу сонсох дуртай. Тоглолтын өмнө сандрал байгаад байдаг болохоор тоглолтын тухай илүү олон юм бодохоос зайлсхийж, өөрийгөө тайвшруулах дуу сонсох дуртай.
Өсвөр насанд крашладаг хүн байгаагүй. Одоо бол тоглолтыг нь үзэж крашладаг хүн байдаг. Японы волейболын шигшээ багийн Юки Хишикава. Монголоос болохоор Хасу Мегаватт клубын тамирчин Даваажаргал ах, холбогч Золбоо. Сагснаас Сэргэлэн ахын тоглолтыг үзэх дуртай. Тамирчин гэдгээр нь эдгээр хүмүүсийн тоглолтод дуртай байдаг.
Эрэгтэй хүний биеэ авч байгаа цэвэрхэн байдалд дуртай. Хүнтэй эелдэг, хүндэтгэлтэй харьцаж байгаа байдал таалагддаг. Манай найз залуугийн хувьд надад халамжтай байж, намайг өөрөөр минь байлгадагт нь дуртай.
Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан финалдсан. Сүүлийн буюу 2022 оны лигт багаараа аварга болсон. 2019, 2021, 2022 онд гурван жил дарааллаж лигийн шилдэг холбогчоор шалгарсан. Энагурэ, Хобби Эйс, Эрчим зэрэг клубүүдэд тоглож байсан. Ирэх 6-р сард Челленж кап олон улсын тэмцээн байгаа. Тэр тэмцээнд шигшээ багаараа амжилттай оролцох зорилготой, бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Эргэн тойрны хүмүүсээс нэг хүний бодлыг уншиж үзэх боломж байсан бол хамгийн түрүүнд ээжийнхээ бодлыг унших үзэх байсан. Одоогоор өөрөө хүүхэдтэй болоогүй байгаа болохоор ээж хүн юу бодож, яадгийг мэдвэл сонирхолтой байх. Хоёрт нь бол найз залуугийнхаа бодлыг уншина.
Би волейболоос гадна сагсны спортод их дуртай. Боломж бололцоо байвал сагсаар хичээллэх сонирхолтой. Чөлөөт цагаараа сагс тоглох дуртай.