Бид Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт тоглож буй легионер тоглогчдыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа өнгөрсөн жилийн дэд байрт шалгарсан Бишрэлт Металл багт шинээр нэгдсэн Жахлил Триппийг онцолж байна. Жахлил Трипп 1997 оны есдүгээр сарын 22-нд нь АНУ-ын Брүүклин хотноо мэндэлсэн Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Анх төрсөн нутагтаа буюу Нью-Йоркийн Брүүклин хотын ахлах сургуульдаа сагсан бөмбөг тоглох гараагаа эхэлж, довтлогчийн байрлалд тоглодог болсон байна. 16 настайдаа буюу 2013 оны 12-р сарын 4-нд сургуулийн эмэгтэйчүүдийн тоглолт үзээд багийнхантайгаа харих замдаа тэнэсэн суманд өртөж, шилбэнийхээ арын булчинд гэмтэл авсан байна. Улмаар хагалгаанд орсон бөгөөд гайхалтай нь нэг сар хүрэхгүй хугацаанд дахин тоглох боломжтой болсон ч бэртлээсээ дөнгөж буцаж ирснийхээ дараа зүүн хөлөө хугалж, дахин мэс засалд орсон ба ийнхүү ахлах сургуулийнхаа ихэнх тоглолтоо өнжих шаардлагатай болжээ. Уг бэртлийн улмаас Нью Йоркийн бие тамирын хамгийн том сургууль түүнийг элсүүлэхээс татгалзаж байсан удаатай.
Жахлил Трипп
12 сарын 26
Ахлах ангидаа Брүүклин дахь Абрахам Линкольний ахлах сургуулийн шигшээ багт тоглохдоо нэг тоглолтод дунджаар 17 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна. Багаас нь түүнийг “Swaggy Ja” хэмээн найзууд нь хочилдог байсан гэнэ. 196 см өндөртэй, 97 кг жинтэй Брүүклиний залуу өдгөө холбогч, довтлогчийн аль ч байрлал дээр тоглох чадвартай. Ахлах сургуулиа төгсөхөөсөө өмнөхөн тэрээр Ратжерс коллежийн сагсан бөмбөгийн багт тоглохоор тохиролцсон ч дасгалжуулагч нь солигдож, тус сургуульд элсэх хугацаа нь оройтсоноор нэгдэж чадаагүй аж.
Ийнхүү NCAA I дивизионы сургуулиудаас санал авч чадсангүй. Түүний дасгалжуулагч Стив Грин Триппийн ахлах сургуулийн өмнөх дасгалжуулагчдын нэгийг таньдаг байсан Саут Плэйнс коллежид тоглуулахаар тохиролцож байж ээ. Трипп нэгдүгээр курсийн оюутан байхдаа л “South Plains College”-ийн гарааны довтлогчоор сонгогдсон байна. Сонирхуулахад “South Plains College” нь 2016-2017 оны Голден Стэйт Уарриорс багийн загвараар бүтсэн бөгөөд Жахлил Трипп Дрэймонд Грийний роль дээр тоглож сурсан байна. Тухайн сургуульдаа нэг тоглолтод 11.4 оноо, 6.7 самбар, 2.2 оновчтой дамжуулалт дунджилж, Баруун бүсийн бүх Коллежийн Атлетик Конференцийн нэгдүгээр багт нэрлэгдэж байсан байна.
Дараа жил буюу 2017 оны улиралд ахлах дасгалжуулагч Дэймон Студамайр Пасифик Тайгерс багруу шилжүүлж, тэрхүү багтаа жижиг довтлогч, заримдаа холбогчийн байрлалд ч тоглодог байв. Тус жилдээ Трипп нэг тоглолтод 10.9 оноо, 7.8 самбар, 4.5 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт дунджилж, Баруун эргийн бүх коллежийн хоёрдугаар багт нэрлэгдсэн байна.
Пасифик Тайгерс багт тоглож байхдаа 32 тоглолтод гараанд гарсан цорын ганц тоглогч болсон түүхтэй. 2020 оны 1-р сарын 4-нд Сент Мэригийн багтай хийсэн тоглолтод дөрвөн нэмэлт цаг сунгасан хүнд тоглолтод 39 оноо, 11 самбар аван замналынхаа дээд үзүүлэлтийг гүйцэтгэсэн ба баг нь 107-99 харьцаагаар хожил байгуулж байжээ. Ийнхүү Пасифик Тайгерс багт суралцаж байх хугацаандаа 16.2 оноо, 8.9 самбар, хоёр оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт дунджилж, Бүх өрнөд бүсийн тоглогчоор нэрлэгдэж, Өрнөд бүсийн оны шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртэж байсан байна. Мөн өрнөд бүсийн бүх тоглогчдыг дабл даблаар тэргүүлсэн ба Номхон далайн шилдэг тамирчдад олгодог “ДӨРВӨН ТУЛГА” шагналыг хүртэж байжээ. Энэхүү шагнал нь гэр бүл, тогтвортой амжилт, ялагчийн сэтгэлзүй, шинийг санаачлагч гэсэн дөрвөн үндсэн шинж чанарыг харуулсан оюутан-тамирчдад олгодог нэр хүндтэй шагнал юм.
Ийнхүү коллежоо төгссөний дараа 2020 онд NBA-ын драфтад нэрээ өгсөн ч харамсалтай сонгогдож чадаагүй юм. Тус оны 11-р сарын 19-нд Мемфис Гриззлис багтай 10 хоногийн гэрээ хийж, улмаар хөгжлийн лигийн баг руу элссэн ч удалгүй хасагдаж байж ээ.
2022 оноос Финландын дээд лигийн Тапиолан Хонка багт нэгдэж мэргэжлийн тоглогчийн замналаа үргэлжлүүлсэн. Хонка баг нь Финланддаа эхний шилдэг хоёр дахь багаар тооцогддог хүчирхэг баг гэгддэг байна. 2023 он хүртэл тус багт тоглохдоо 19.8 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт дунджилж багийн бүх тоглогчдоо тэргүүлсэн байна.
2023-2024 оны улиралд Монголын Үндэсний дээд лигийн Бишрэлт Металл багтай нэгдэж, 12-р сарын 26-ны байдлаар 10-4 амжилттай эхний 4-р байрт бичигдэхэд өөрийн туслалцааг үзүүлсээр байна. Тэрбээр багийн үндсэн холбогчийн үүргээс гадна, довтолгоонд санаачилгатай үедээ оролцож, хэрэгтэй бөмбөг таслалтууд гүйцэтгэхээс гадна талбай дээр ямар ч хувийн амбицгүй тоглодгоороо Металл багийн хөгжөөн дэмжигчдийн хайрыг татаад байгаа билээ. Мөн багийн системд ч сайн уусаж, багийнхантайгаа ойлголцож буй нь талбайн хажуунаас ч тодхон харагдана. Монголд тоглож буйдаа сэтгэл хангалуун байсан бөгөөд түүний инстаграм хуудсаар зочилж, түүний сэтгэгдэлтэй танилцахыг хүсвэл энд дараарай.