MSports logo
ЖЕССИКА ПЕГУЛА “ГВАДАЛАХАРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД” ТҮРҮҮЛЖ, ЭНЭ ОНЫ АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 23

  • ЖЕССИКА ПЕГУЛА “ГВАДАЛАХАРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД” ТҮРҮҮЛЖ, ЭНЭ ОНЫ АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

    Нийт 2 сая 500 мянган долларын шагналын сантай эмэгтэйчүүдийн талбайн теннисийн “Гвадалахарын нээлттэй тэмцээн” энэ сарын 17-ноос 23-ны хооронд зохион байгуулагдаж ганцаарчилсан болон багийн төрлүүдэд аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргаар Дэлхийн чансааны 5 эрэмбэлэгдэн тэмцээнийг эхлүүлсэн, АНУ тамирчин Жессика Пегула тодорч 415 мянган долларыг өвөртлөн, улирлын чансаандаа мянган оноо нэмснээр, Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж эхэллээ. “Гвадалахарын нээлттэй тэмцээн” нь “WTA 1000” ангиллын тэмцээн бөгөөд Их дуулга тэмцээний дараа орох өндөр чансаатай тэмцээн юм. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Дэлхийн чансааны номер 50, АНУ-ын теннисчин Слоун Стефенсийг 6:2, 6:2 харьцаатай дараалсан хоёр сет хожиж, хагас шигшээд Дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж байгаа, “Австралийн Их дуулга” тэмцээний хоёр удаагийн аварга Виктория Азаренкаг 2:0 харьцаатай хожсон бол шигшээ тоглолтод Дэлхийн чансааны номер 5, Грек улсын теннисчин Мариа Саккариг мөн л 2:0-оор илүүрхэн аварга цолыг хүртлээ. Жессика Пегула тус тэмцээний хүрээнд ердөө ганцхан сетэд ялагдал хүлээсэн юм.

     

    Өдгөө 28 настай Америк теннисчин аваргын цомоо гардан авахдаа “Үнэхээр их баяртай байна, бас тайван, сэтгэл хангалуун бүхий л сайхан мэдрэмжүүдийг мэдэрч байна. Энэ бүхнийг гэртээ намайг дэмжиж байгаа ээжийнхээ төлөө хийсэн болохоор үнэхээр онцгой байлаа” хэмээжээ. Жессика Пегула замналдаа анх удаа “WTA 1000” ангиллын тэмцээнд түрүүлж байгаа нь энэ аж. Мөн энэ нь 2022 оны улирлын анхны түрүү, “WTA” холбооноос зохион байгуулсан тэмцээнүүдийн хүрээнд замналынх нь хоёр дахь түрүү болж байна. Энэхүү тэмцээнд Дэлхийн чансааны 1-т эрэмбэлэгдэж байгаа Ига Швиатек оролцоогүй бөгөөд, түүний хувьд 10 дугаар сарын 10-16 хооронд зохиогдсон “Сан Диегогийн нээлттэй тэмцээнд” түрүүлсээд байсан билээ.

     

    Э.Мандалбаяр