MSports logo
“MOON DANCE” ХАМТЛАГ ДАШТ-Д 8 УДАА ОРОЛЦОХДОО НИЙТ 1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 23

  • “MOON DANCE” ХАМТЛАГ ДАШТ-Д 8 УДАА ОРОЛЦОХДОО НИЙТ 1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ

    Дэлхийн бүжгийн спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 10-р сарын 15-нд Германы Брауншвейг хотод боллоо. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Moon dance", "Star" багууд латин формейшн төрөлд амжилттай оролцлоо. Улмаар манай улсын "Moon Dance" хамтлаг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн. Өмнө нь Азийн нэг ч баг тус тэмцээнээс медаль хүртэж байгаагүй учраас “Moon dance” хамтлагийн энэхүү амжилт Монгол төдийгүй Ази тивд түүхэн томоохон амжилт болсон юм. Манай баг тамирчид ням гарагийн үүрээр эх орондоо ирсэн юм. Багийн спортын төрөлд спорт хамтлаг бүжгээр бахдам амжилтын эзэд болсон охид, хөвгүүдээ тэдний гэр бүлийн хүмүүс онцгойлон ээжүүд нь угтан авч, цагаан сүүний дээж, хадагтай угтан авсан юм.

     
    “Moon Dance” хамтлагийг О.Саранхүү, О.Оюунбат багш нар удирдаж орсон төдийгүй энэ жил тус хамтлаг Нидерланд мэргэжилтэнтэй хамтарч дэлхийн аваргын бүжгээ дэглэж, бэлтгэж оролцсон гэдгээрээ онцлогтой. Баг тамирчид эх орондоо ирээд “The power of 4 elements” бүжиг нь дэглэлтэй, оршихуйн хувьд маш өвөрмөц байсныг онцлоод эхлээд сурахад яг юу хүсээд байгааг ойлгоогүй ч илүү сайн бэлтгэл хийж бүжгээ ойлгох тусам сүнслэг байдал нь мэдрэгдэж, бусад улсын бүжгүүдээс тэс өөр байж, хөдөлгөөн бүр нь өөрийн гэсэн Монгол хамтлагийг тодотгосон онцлогтой байсныг шагшин ярьж байсан юм. Манай улсын Moon Dance хамтлаг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8 дахь удаагаа оролцсон бөгөөд өмнө нь финалын 6 багт олон удаа шалгарч байсан ч медаль хүртэж байгаагүй. Гэсэн ч манай бүжгийн тамирчид, бүжигчид маань амжилтаа ахиулж дэлхийн данстай хамтлаг болохоор хичээллэж, ийнхүү дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд гэсэн эрхэм хүндтэй амжилтын эзэд болж эх орондоо ирлээ. 8 жилийн хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо Moon Dance хамтлаг нийт 1 тэрбум төгрөгийг тэмцээнд оролцохдоо зарцуулжээ. Тамирчид тэмцээнд оролцох зардалаа өөрсдөө гаргасаар ирсэн юм.

     
    “Moon Dance” хамтлаг нь “4 элементийн хүч” бүжгээ тоглож, бүжгийн урлагт цоо шинэ шатыг бий болгосон хэмээн тэмцээнийг зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авсан юм. Тус тэмцээнд "Moon Dance" хамтлагтай нэг төрөлд оролцсон "Star" баг мөн амжилттай оролцож 4-р байр эзэлсэн билээ. “Star” багийн дасгалжуулагчаар ажилладаг бүжигчин Н.Онондарь Германы “Гран Гоулд” багийн тамирчин байсан бөгөөд тус багт байх хугацаандаа WDSF-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байв. Харин “Хатан туул” формейнш латин төрөлд 8-р байр эзэлсэн нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай баг гэдгээ баталсан явдал боллоо. Германы "Гран Голд" баг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн. Тус баг нь Дэлхийн 8 удаагийн аварга, Европын хоёр удаагийн аварга юм.
     

     

    Н.Бэлгүүн