MSports logo
КРИС ПОЛ ЗАМНАЛЫНХАА 11.000 ДАХЬ ДАМЖУУЛАЛТАА ӨГЛӨӨ
  • А
    Админ

    10 сарын 23

  • КРИС ПОЛ ЗАМНАЛЫНХАА 11.000 ДАХЬ ДАМЖУУЛАЛТАА ӨГЛӨӨ

    Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт(NBA) 18 дахь улиралдаа тоглож байгаа Финикс Санс багийн холбон тоглогч Кристофер Эммануэль Пол өнөөдөр буюу 10 дугаар сарын 24-ний өдөр Лос Анжелс Клипперс багийн эсрэг хийсэн тоглолтод замналынхаа 11 мянга дахь дамжуулалтаа өгчээ. Ийнхүү лигийн түүхэнд 20 мянган оноо, 11 мянган оновчтой дамжуулалт өгсөн цор ганц тоглогч болж байна. Финикс Санс энэхүү тоглолтод 112:95 харьцаатай ялалт байгуулж улирлыг 2-1 гэсэн үзүүлэлттэй, өрнө бүсийн гуравдугаарт бичигдэн улирлаа үргэлжлүүлж байна. Крис Пол Клипперсийн эсрэг тоглохын өмнө замналдаа 10.998 оновчтой дамжуулалт өгөөд байсан бол, тус тоглолтын эхний үед Девин Бүүкер болон Де’Андрей Эйтон нарт оновчтой дамжуулалт өгч, лигийн түүхэнд 11 мянган оновчтой дамжуулалт өгсөн гурав дахь тоглолч болсон юм. Түүнээс өмнө 11 мянган оновчтой дамжуулалт өгсөн хоёр хүн байсан нь, Жон Стоктон, Жэйсон Кидд нар билээ. Өдгөө 38 настай Америк тоглогч Век Форест коллежоос 2005 оны драфтын тав дахь сонголтоор Нью Орлеанс Хорнетс багт сонгогдож тус багтаа зургаан улирал тоглож 4228 оновчтой дамжуулалт, дараа нь Клипперс багтай гэрээ байгуулж зургаан улирал тоглохдоо 4023, Хьюстон Рокетс багт хоёр улирал тоглохдоо 930, Оклахома Сити Тандер багт нэг улирал тоглохдоо 472, одоо тоглож байгаа Финикс Санс багтаа 1356 оновчтой дамжуулалтуудыг тус тус өгч, замналдаа нийт 11009 дамжуулалт өгөөд байгаа юм.

    “NBA”-н хүрээнд Жон Стоктон 15.806 оновчтой дамжуулалт өгснөөр бүх цаг үеийг тэргүүлдэг бол, түүний араас Жэйсон Кидд замналдаа 12091 дамжуулалт өгч хоёрдугаарт бичигддэг байна. Харин энэхүү жагсаалтад одоо идэвхтээ тоглож байгаа тоглогчдоос Крис Пол гуравт, Леброн Жэймс долоод бичигдэж байна. Крис Пол лигт элссэн цагаасаа өндөр түвшинд тоглож, одоогоор 12 удаагийн бүх одод, 11 удаагийн бүх “NBA”-н баг, 9 удаагийн бүх “NBA”-н хамгаалалтын нэгдүгээр баг, 2012-13 улирлын бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогч, 6 удаа бөмбөг таслалтаар, 5 удаа дамжуулалтаар улирлыг тэргүүлж, “NBA”-н 75 жилийн ойн бэлгэдлийн тоглогчдын нэгээр нэрлэгдсэн билээ.

     

    Э.Мандалбаяр