MSports logo
ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ УЗБЕКИСТАНЫ БАГИЙГ ХОЖЛОО
  • А
    Админ

    8 сарын 31

  • ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ УЗБЕКИСТАНЫ БАГИЙГ ХОЖЛОО

    Кыргызстан улсын Чолтон-Ата хотноо Азийн волейболын холбооны 3 дахь удаагийн “Челленж цом” тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монгол, Саудын Араб, Узбекистан, Кыргызстан улсын шигшээ багууд өрсөлдөж байгаа юм. Газпром спорт, соёл амралтын хүрээлэнд болж буй тэмцээний эхний тойргийн урьдчилсан шатны тоглолтын сүүлийн өдөр Монголын баг Узбекистаны эсрэг тоглолоо.

    Манай улсын багийн хувьд тэмцээний гурав дахь өдөр Узбекистаны багтай таарч 25-17, 25-22, 28-26, 25-22-ийн харьцаатайгаар хожил байгууллаа. Энэхүү тоглолтонд Монголоос Энхээгийн Алтангэрэл 11 довтолгоо, 3 хаалт амжилттай болгож 14 оноотойгоор багаа тэргүүлсэн бол Эрдэнэбаярын Энх-Амгалан 10 довтолгоо, 2 хаалт амжилттай болгож, Тамираагийн Хангал 8 довтолгоо, 2 хаалтаар удаалж багийнхаа хожилд үнэтэй хувь нэмрээ орууллаа. Нээлтийн өдөр талбайн эзэн багийг 3:0-ээр хожсоноор тэмцээнээ хүчтэй эхлүүлсэн манай шигшээгий залуус чансаа өндөр Саудын Арабт хожигдсон ч  ийнхүү лхагва гарагт 4 сетийн дараа гайхалтай ялалт байгуулснаар ялагдлаа нөхлөө.

    Ийнхүү эхний тойргийн урьдчилсан шатны тоглолтуудыг дуусгасны дараа Саудын Араб дараалсан гурван хожилтой 8 оноотой дөрвөн багийг дүнгээр тэргүүлж, Монгол нэг хожигдсон хоёр хожилтой 6 оноогоор удааллаа. Талбайн эзэн Кыргызстан 3 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж эхний тойргийг өндөрлүүлсэн бол дөрөвдүгээрт Узбекистаны баг орлоо. Тэмцээн тойргийн системээр явагдаж, хагас шигшээд хэсгийн 1-ээр шалгарсан Саудын Араб 4-өөр гарсан Узбекистантай, 2-оор гарсан Монголын шигшээ баг 3-аар гарсан Киргизийн багтай тоглохоор боллоо. Хожсон хоёр баг нь аваргын төлөө, хожигдсон хоёр баг хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. 

     
    Нийт 14 тамирчин шигшээ багт дуудагдсан бөгөөд өмнөх олон улсын тэмцээнд шигшээ багаа төлөөлөн оролцсон туршлагатай 8 тоглогч болон анх удаагаа шигшээ багийн нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцож байгаа 6 тоглогч байгаа юм. Залуу тоглогчдын хувьд хэдий анхны олон улсын тэмцээн боловч тун сайн тоглолтыг үзүүлж, багийнхаа амжилтанд голлох үүргийг гүйцэтгэж байна.

    Дашрамд сонирхуулахад, Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг 2018 оны Жакартагийн Азийн наадам, 2018 оны Азийн волейболын холбооны анхдугаар “Челленж Кап” тэмцээнд оролцсоноос хойш 4 жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй юм. “Челленж Кап-2018” анхдугаар тэмцээн Шри Ланк улсад зохиогдоход манай шигшээ нийт 8 багаас 8-д эрэмбэлэгдэж байсан бол хоёр дахь удаагийн тэмцээн 2020 онд болох байсан ч цар тахлын улмаас цуцлагдаж, “Челленж Кап-2022” тэмцээн гурав дахь удаагийн гэсэн тодотголтойгоор Кыргызстан улсад зохион байгуулагдаж байгаа юм.  “Челленж Кап-2022” тэмцээн 9-р сарын 4-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

    Н.Бэлгүүн