2006 оны 09.09-нд Улаанбаатар хотод төрсөн. Манай гэр бүлийн хувьд ам бүл дөрвүүлээ. Ээж, ах, дүүгийн хамтаар амьдардаг. Бага байхдаа мөрөөдлөө олоогүй л дотогшоогоо найз нөхөд багатай гэмээр хүүхэд байсан. Манай гэр бүлд надаас өөр спортын хүн байхгүй ээ. Гэхдээ бүгд спортод хайртай тэр тусмаа сагсан бөмбөгийн спортын үнэнч фен хүмүүс байдаг.
Сагсан бөмбөг яг одоо бол миний хувьд намайг бүтээж өгсөн зүйл гэж хэлж болно. Миний хувьд гэрийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө уулзах гэдэг сонголтыг 2-т тавиулахаар зүйл нь сагсан бөмбөг, бэлтгэл маань л юм даа. Энэ спортод багаасаа л дуртай байсан. Манай гэр бүл спортод хайртай хүмүүс байдаг болохоор байнга зурагт нь дээр NBA-ийн тоглолтууд тавьчихдаг. Тэгээд л дөрөв, таван настай байхаасаа л зурагтын өмнө NBA үзэж өссөн хүүхэд. Аан харин тоглож эхэлсэн гэвэл 9 настайгаасаа анх тэмцээнд ороод сүүлийн 2, 3 жил шигшээ баг дээр идэвхтэй хичээллэж эхэлсэн. Сагсан бөмбөгтэй холбоотой инээдтэй ч гэмээр нэг дурсамж гэвэл NBA-ийн Warriors, Cavs 2-ын аваргын цувралыг үзээд манай зурагт эвдэрсэн гэрээсээ ах бид 2 хуучны дөрвөлжин зурагтаа олж байгаад асаагаад бараг зурагттайгаа наалдсан ах Cavs-ыг би Warriors-ыг хожоосой гээд залбираад тоглолтыг салгалж сандран байж үзэж байснаа сайн санаж байна.
Дээд лигт аварга авах мэдээж сайхан байсан. Америк явахаасаа өмнө Монголынхоо анхны лигт тоглоод уур амьсгалыг нь мэдрээд мэдээж бас фенүүдтэй болсон. Дээрээс нь мэргэжлийн тамирчны карьер дээр гэрээ байгуулсан гээд энэ бүгд тодорхой хэмжээнд зөвхөн талбай дээрх тоглолтоос туршлага авахаас гадна талбайн гаднах соёлд нэлээн туршлагатай болгосон.
Монголд 1-р сургуулийн 100 жилийн ойн төгсөгч болж төгссөн. 1-р сургуульдаа их хайртай. Миний анхны сагсны амжилтууд энэ сургуульд байх үеэс гарч эхэлсэн. Харин одоо АНУ-ын Охио мужийн Кливленд хотод байдаг “Spire academy”-д суралцаж байгаа. Ахлах сургууль гэж хэлж болно. Одоо сургуулийнхаа шигшээ багт тоглодог.
Америкт ирээд эхэндээ бэлтгэлийнхээ формонд орж чадахгүй цагийн зөрүүнээс болоод ч тэр үү нэлээн ядралттай байсан. Бас дээрээс нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байхаар зүйлүүд болсон. Тэгээд ямартай ч анхны бэлтгэлээс эхлээд систем, ур чадвар гээд бүх зүйл нь Монголын сагснаас тэс өөр байсан. Харин хувь хүний хувьд мэдээж илүү биеэ дааж байгаа. Тэгээд мэдээж сагсан бөмбөгийн мэдлэг маань илүү зузаан болж байгаа гэж хэлж болно. Өөрийгөө яг дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгаа хэр хөгжиж чадахаа харж чаддаг илүү баримжаатай болсон. Цаашдын зорилго бол хамгийн эхлээд Америкийн 1-р дивизоны коллежид тэтгэлэгтэй элсэхийг л зорьж байна. Бүр цаашлаад том мөрөөдөл маань гэвэл Монгол улсынхаа өмсгөлтэй л олон том амжилтуудыг бүтээхийг хүсдэг дээ. Олимпын талбайг дотроо хүсэмжлээд л байж байдаг даа.
Миний хамгийн дуртай тоглогч мэдээж Paige Bueckers. Бүх тоглолтыг нь алгасахгүй үздэг. Тоглолтын хэв маяг, ур чадварыг нь хараад хөдөлгөөн болгоныг нь дуурайх гэж л үздэг дээ. Энэ хүний сагсанд хандаж байгаа байдал нь гэх юм уу тэр хандлага нь маш их таалагддаг. Маш хүнд бэртэл аваад кареьер нь 2 жил завсардсан ч гэсэн өмнөх шигээ гайхалтай тоглолтуудыг үзүүлж байгаа хүн. Mentality, Skill, багийн уур амьсгалыг хадгалж байгаа характер гээд бүх юмнаас нь суралцаж хүндэлдэг дээ. Бас дотроо битүүхэн Америкт байгаагийнх шүтээнтэйгээ уулзахыг хүсэж л байна.
Найз залуу байхгүй ээ. Одоогоор сагс, хичээл гээд ер нь өөртөө л анхаараад явж байна.
Чөлөөт цагаараа зураг дарах дуртай. Ойрд маш их зураг дардаг болсон. “Spire” сургуулийнхаа медиаг хариуцсан хүнтэй хамт камеруудыг нь ашиглаад л энгийн байгаль, тэнгэр гэх мэтчилэн зураг дарах дуртай болсон. Сүүлийн үед сонсож байгаа дуунууд гэвэл (Zimmer90, 92914) гээд хоёр дуучны дуунуудыг маш их сонсож байна даа.
Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөгөөд дурсамж бүтээх энгийн зүйлүүд нь л намайг жаргалтай болгодог доо. Хамгийн жаргалтай дурсамж гэхээр шууд толгойнд орж ирэхгүй байгаа ч Америк явахаас өмнөх 1, 2 сарын үеүд дахиж авахааргүй мэдрэмж дурсамжуудыг нэлээн бүтээсэн.
Мэдээж гэр бүл, багш, багынхан, найзууд гээд бүх дотны хүмүүсээ санаж байна аа. Одоогоор ирээдүйд хийж чадна гэж боддог бүтээх гээд явж байгаа гол зорилго мөрөөдлүүдээ бодоод л өөртөө хүч өгдөг дөө. Монгол улсыг цаашдаа тэр тусмаа сагсан бөмбөгийн хөгжлийг дахиад илүү түвшинд, илүү сайжраад Ази, дэлхийн хүчтэй өрсөлдөгч нарын нэгээр зүй ёсны нэрлэгддэг болоосой л гэж хүсэж байна. Энэний төлөө ч гэсэн өөрөө хичээж явна даа.