MSports logo
Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 6

  • Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт тоглож буй импорт тоглогчдыг цувралаар хүргэж байна. Энэ удаа 2023-2024 оны улиралд Завхан Бродерс багт нэгдсэн Даймонд Стөүнийг онцолж байна. Түүний бүтэн нэр Даймонд Луис Стөүн бөгөөд АНУ-ын Висконсин мужийн Милаукий хотод 1997 оны хоёрдугаар сарын 10-няд Роберт болон Цинтиа Стөүн нарын гэр бүлд мэндэлжээ. Бага наснаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн тэрбээр ахлах сургуульд байхаасаа л багийнхаа хамгийн шилдэг тоглогчдын нэг байж. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    Ахлах сургуулиа Висконсин мужийн Уайтфиш Бэй дэх Доминиканы ахлах сургуульд суралцсан ба WIAA буюу Висконсин мужийнхаа 4-р дивизоны аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн улирал дараалан түрүүлсэн байна. Тэрхүү улирлуудад Стөүн гайхалтай байж 24.4 оноо, 11.7 самбар дунджилж нийтдээ 2193 оноо авсан байдаг. 211 см өндөртэй, 115 кг жинтэй төвийн байрлалд тоглодог том залуу маань Христийн шашинтай ба Сапфир Луис Стөүн хэмээх бяцхан охинтой. Түүнийг ахлах сургуулиас нь “Many Moves” хэмээн хочилсоор иржээ. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    Ахлах сургуулиа төгссөний дараа Атлантын эргийн спортын сургууль болох Мэриландын Их сургуульд элсэж Террапинс багт 4 жил тоглосон байна. Тухайн багт тоглох хугацаандаа 12.5 оноо, 5.4 самбар, 2.7 самбар дунджилж 56%-ийн довтолгооны гүйцэтгэлтэй тоглож байсан байна. Тэрээр замналынхаа хамгийн өндөр оноо болох 39 оноог Пенн мужий Ниттани Лионс багийн эсрэг гүйцэтгэж 70-64 харьцаатайгаар ялалт байгуулсан түүхтэй. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    Ийнхүү тэрээр НБА-ын скаутуудын нүдэнд өртөж 2016 оны 6-р сарын 23-нд драфтын хоёрдугаар тойргийн 40 дэх сонголтоор Нью Орлеанс Пеликанс багт сонгогдсон байна. Драфтын маргааш шөнө нь түүнийг Лос Анжелес Клипперс баг руу сольж сагсан бөмбөгийн хамгийн алдартай лигт Лос Анжелес Клипперс багийн өмсгөлтэй тоглохоор болжээ. 19 настай залуу тоглогч Стөүн эхний улиралдаа Клипперсийн төлөө нийтдээ 7 тоглолтод оролцож, 24 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 10 оноо, 6 самбар гүйцэтгэсэн байна. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    Үүний дараагаар G league-ийн Санта Крүз Уарриорс багаас санал ирж тухайн багт тоглохдоо 14.5 оноо, 4.5 самбар гүйцэтгэн үүнээс хойш 2018-2019 оны улирал хүртэл хөгжлийн лигийн зургаан баг дамжин тоглосон байна. А Юта Жаззын хөгжлийн лигийн баг Солт Лэйк Сити Старс багт тоглохдоо 15.7 оноо, 7.4 самбар, Чикаго Буллсын доод баг Вайнди Сити Буллс багт 12.6 оноо, 5.3 самбар, Миннесота Тимберуолвес багийн доод баг Иова Уолвес багт тоглохдоо 9.8 оноо, 4.6 самбар дунджилж G league-т тоглосон хамгийн сүүлийн жил болох 2018-2019 оны улиралд Хьюстен Рокетсын хөгжлийн баг Рио Гранде Волли Вайперс багт тоглохдоо 9.7 оноо, 4.1 самбар дунджилжээ. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    2020 оноос түүний дэлхийг тойрсон аялал эхэлж гаднын багуудтай холбоо тогтоож эхлэв. 2021 онд Пуерто Рико улсыг зорьж дээд лигийн Метс де Гуаянабо багт тоглож 20.5 оноо, 9.8 самбар, 1.7 дамжуулалт дундажлан тухайн жилдээ тус лигийн Гигантес де Каролина багт нэгдэж 15.5 оноо, 5.5 самбар, 2 хаалт дунджилжээ. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    2021-2022 оны улиралд Тайваны Т1 дээд лиг шинээр эхлэлсэн ба "Тайван Бийр" баг түүнтэй гэрээ хийж анх удаа Ази тивд газардав. Тус жилдээ Стөүн бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлэв. Баг нь хагас шигшээд шалгарсан ч  дараагийн шатандаа ялагдал хүлээн тухайн улирлаа өндөрлүүлжээ. Мөн 2022 оны 10 сард Филиппин улсын дээд лигийн "СМ Бийрмен" багт гурван тоглолт хийгээд амжсан байна. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    Та бүхний сайн мэдэх Д.Баясгалангийн тоглодог Тайваны Т1 лигийн Тайчунг Санс багтай 2022-2023 оны улиралд нэгдэж найман тоглолтод оролцохдоо багийнхаа оноо авалтын шилдгүүдийн нэг байж 24 оноо 10 самбар дундажласан ба хамгийн ихдээ 37 оноо, 20 самбар, 6 дамжуулалт гүйцэтгэж байжээ. Тэрбээр тус багт байхдаа НБА-ын супер од асан Дуайт Ховардтай нүүр тулж байсан удаатай. Харин зундаа Доминикан улсын дээд лигийн Маринорес багт тоглодог байсан ба нийт таван тоглолтод оролцож байжээ. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн

    Түүний аялал өдгөө Монгол улсын Үндэсний дээд лигт үргэлжилж буй бөгөөд 2022-2023 онд Завхан Бродерс нэгдэж лигийн шилдэг багуудын нэг болоход тус болсон ба тус улирлын бэлгэдлийн нэгдүгээр багт Пендариус Уиллиамс, Т.Санчир, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт нарын хамт бичигдсэн. Энэ жил дахин Завхан Бродерс багтаа нэгдэж Үндэсний дээд лигийн өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байгаа манай улсад ирсэн шилдэг импорт төвийн тоглогчдын нэгээр нэрлэгдээд байна. 

    Үндэсний Дээд Лигийн "Завхан Бродерс" багийн тоглогч Даймонд Стөүн