MSports logo
Индиана Пэйсерс талбайдаа Бостон Селтиксийг буулган авч “NBA CUP”-ын хагас шигшээд шалгарсан анхны баг боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 5

  • Индиана Пэйсерс талбайдаа Бостон Селтиксийг буулган авч “NBA CUP”-ын хагас шигшээд шалгарсан анхны баг боллоо

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигээс 2023-2024 оны улиралд анх удаа зохиож буй “Улирал дундын аварга”-ын тэмцээн буюу “NBA Cup”-ын хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх “Галзуу ганц” тоглолтууд өнөөдрөөс эхлэн явагдаж байна. Хамгийн эхний тоглолт дорнод бүсийн 2-р байраар шалгарсан Индиана Пэйсерс баг талбайдаа 4-р байраар шалгарсан Бостон Селтиксийг хүлээн авч тоглолоо. 

    Тоглолтын эхний хагас зочин баг болох Бостон Селиксийн нягт хамгаалалт, зоригтой довтолгооны гүйцэтгэлээр давамгайлж 55-48 харьцаатай өндөрлөв. Гэсэн ч Индианаполисийн залуучууд бууж өгөлгүй гуравдугаар үед онцгой тоглолтыг үзүүлж 37 оноо авч эсрэг багтаа ердөө 23 оноо алдав. Шийдвэрлэх 4-р үед Бостон ямар потенциалтай баг гэдгээ харуулж 7 онооноос эргэн ирэлтийг үзүүлж онооны харьцаатай сүүлийн 3 минутад гурав дөрвөн ч удаа тэнцэн дээр доороо орон үргэлжиллээ. Онооны харьцаа 105-105 дээр тэнцэхэд Аарон Несмит урдаас гаргасан бөмбөгийг хурдтай доош довтлон авснаар хоёр онооны тэргүүллийг Индиана Пэйсерст авчирч, Бостон Селтикс дахин тэнцүүлсэн ч Индиана Пэйесрс багийн супер од Тайрис Халибөртон алсын зайнаас алдаатай довтолгоон гүйцэтгэж багтаа 4 онооны тэргүүлэл авчирлаа.

    Энэ үед цаг аль хэдийн сүүлийн 1 минут руу дөхөж байв. Жэйсон Тэйтум оноог ойртуулахын тулд алсын зайнаас шидэлт хийсэн ч амжилтгүй болж эсрэг баг нь хурдан довтолгоогоор хоёр дараалж оноо аван маш богино хугацаанд 9 онооны зөрүү үүссэнээр Индиана Пэйсерс баг 122-112 харьцаатайгаар Бостон Селтиксийг буулган авч “Улирал дундын аварга”-ын тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэд Милаукий Бакс, Нью Йорк Никс багуудын аль хожсонтой нь бүсийн аваргын төлөө тоглох юм. Өнөөдрийн тоглолтын хожлын гол шалтгаан нь Индианагийн залуучууд багаараа өв тэгш тоглосон буюу гарааны таван тоглогчоос гадна сэлгээний хоёр тоглогч 12 ба түүнээс дээш оноо авсанд байлаа. Мөн алсын зайнаас нийтдээ 19 удаа багаараа оруулж, 6 хан удаа бөмбөгөө алдсан байна.