Яг одоо МУ-д үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж esports-ын тэмцээний шууд дамжуулалтыг үзэх, мөн CS GO-ын Mongolz баг гол спонсор байгууллагатайгаа хамтран ажиллах боломжгүй болж магадгүй хуулийн төсөл яригдаж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ асуудлаар ойрын өдрүүдэд цахим орчинд нилээдгүй асуудлыг хөндсөн бөгөөд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд бет болон мөрийтэй тоглоомыг бүрэн хорих хуулийн төслийг ИХ-д өргөн барихаар бэлдээд байна.
МУ-ын esports-ын хөгжил цаашид?
3 сарын 13


Н.Учрал сайдын мэдээлсэнээр, УИХ-д өргөн барих хуулийн төсөлд ...СПОРТЫН БАГИЙН ӨМСГӨЛ, ЗУРАГ, РЕКЛАМД 1XBET, MELBET, БОЛОН БУСАД ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ СУРТАЛЧИЛСАН ТОХИОЛДОЛД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ... гэсэн заалт ороод буй.
Тэгвэл esports-д МУ-аас төдийгүй Ази тивийг төлөөлөн сүүлийн жилүүдэд амжилттай оролцож, яг одоогийн байдлаар Дэлхийн чансаанд №6-д бичигдэж буй Mongolz багийн гол спонсор нь 1xbet бөгөөд багийн хувцас, сурталчилгаа, постер г.м харагдахуйц зүйлсд спонсорын лого байршиж байна.

Mongolz багийн хувьд 2015 онд үүсгэн байгуулагдаж 2015.07.17-ны өдөр анхны тэмцээндээ оролцсон.
2015 онд 7 тэмцээнд оролцож 4 тэмцээнээс 3,700 ам долларын шагнал.
2016 онд 21 тэмцээнд оролцож 8 тэмцээнээс 78,808 ам долларын шагнал.
2017 онд 23 тэмцээнд оролцож 7 тэмцээнээс 12,011 ам долларын шагнал.
2018 онд 19 тэмцээнд оролцож 1 тэмцээнээс 7,500 ам долларын шагнал.
2019 онд 3 тэмцээнд оролцож шагналын болзол ханаагүй.
2020 онд тэмцээнд оролцоогүй
2021 онд тэмцээнд оролцоогүй
2022 онд 20 тэмцээнд оролцож 3 тэмцээнээс 9,641 ам долларын шагналын болзол хангасан. 2015-2022 оныг дуустал 93 тэмцээнд оролцож 23 тэмцээнээс 111,660 ам.долларын шагналын болзол хангасан байдаг. Багийн санхүүгийн хувьд тэмцээн уралдаанд оролцоход замын зардал, байр, хоол г.м багагүй зардал гаргадагаас гадна амжилт үзүүлэхийн тулд бэлтгэл сургуулалт, тамирчдын тогтмол олон улсад өрсөлдөхүйц хэмжээний цалин, арын албаны ажилтны цалин г.м маш их хэмжээний зардал гардаг.

Mongolz багийн албан ёсны хуудсанд нийтэлсэнээр 2023.05.06-ны өдөр 1xBet компанитай албан ёсны гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш тэдний амжилт эрс ахисан нь цуглуулсан шагналын орлогоос харагдаж байна.
2023 онд 19 тэмцээнд оролцож 9 тэмцээнээс 59,840 ам долларын шагнал.
2024 онд 26 тэмцээнд оролцож 17 тэмцээнээс 1,031,347 ам долларын шагнал.
2025 онд 2 тэмцээнд оролцож 2 тэмцээнээс 142,500+ ам долларын шагнал буюу 2023-2025.02 сарыг дуустал нийт 47 тэмцээнд оролцож 28 тэмцээнээс 1,233,687 ам.долларын шагналын санг цуглуулсан байна.
Mongolz багийн хамгийн өндөр шагнал авсан 5 тэмцээн:
2024.11.03-ны өдөр Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж 500,000 ам.доллар
2024.06.09-ний өдөр YaLLa Compass 2024 тэмцээнд түрүүлж 200,000 ам.доллар
2025.02.08-ны өдөр Intel Extreme Masters Katowice 2025 тэмцээнд 3-4р байр эзэлж 80,000 ам.доллар
2024.07.28-ны өдөр Skyesports Championship 2024 тэмцээнд 2-р байранд шалгарч 70,000 ам.доллар
2025.02.21-ний өдөр PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд 5-8р байр эзэлж 62,500 ам.доллар

Дэлхийд esports-ын шилдэг тамирчдын цалин, орлого жилд дундажаар 1 сая ам.долларыг даваад буй энэ үед манай Mongolz багийн тамирчдыг ч мөн адил Дэлхийн томоохон багууд сонирхож буй. Тэгвэл баг тогтвортой амжилттай явахын тулд санхүүгийн тогтвортой байдал хамгийн чухал. Тэгвэл үүнд шагналын сангаас гадна спонсоруудын үүрэг оролцоо зайлшгүй чухал.
Esports-ын төрлүүдийн цахим орчны шууд дамжуулалтууд хамгийн олон үзэгчтэй байдаг. Энэ үзэлтийг ашиглаж өөрийн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилдаг олон улсын томоохон спонсор байгууллагууд байдгын цөөнгүй нь Бетийн компаниуд байдаг бөгөөд тэд шууд дамжуулалтыг онцгой эрхтэйгээр эзэмшдэг. Өөрөөр хэлбэл бүх шууд дамжуулалтын үеэр тэдний сурталчилгаа явж, лого байршдаг. Манай МУ-д зохион байгуулагддаг эрхийн оноо олгох томоохон тэмцээнүүд ч мөн адил Бетийн компаний дэмжлэгтэйгээр болж бүх зардал, шагналыг олгодог.

Иймээс цахим спорт сонирхогч төдийгүй, цахим спортын багууд дээрх хуульд ямар зохицуулалт хийгдэхийг анхааралтай харж, цахим орчим санал бодлоо бичсээр байна.
МУ-д хөгжөөд удаагүй ч Азийн ТОП баг болж, Дэлхийн шилдэгүүдтэй 1 хэмжээнд өрсөлдөж буй esports-ын хөгжилд энэхүү хуулийн зохицуулалт маш том өөрчлөлт авч ирэх нь гарцаагүй.