MSports logo
Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэлээ
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 19

  • Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэлээ

    Өнгөрөгч 2023 оны 12-р сард болсон Ургацын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан. Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнай нар барилдах үед Б.Серик унасан бөхийг нидэрч, дарж байгаа үйлдэл видео бичлэгт бууснаар бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргээд байсан. Улмаар улсын заан Б.Серик уг үйлдэлдээ уучлалт хүсч, "Хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Зүй бус үйлдэлдээ нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлалт гуйж байна. Монголын үндэсний бөхийн холбооны гаргах шийдвэрт хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэсэн юм.

    Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэлээ

    Улсын заан Б.Серик нэг жил барилдах эрхээ хасуулж, хэд хэдэн барилдааныг өнжсөнөөр шинэ он гарснаар Монголын үндэсний бөхийн холбоонд хүсэлт илгээжээ. Улмаар 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болсон Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар тус зөвлөлийн дүрмийн дагуу хүсэлт дахин ирүүлсэ Б.Серик зааны өргөдлийг хэлэлцсэн байна. Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцэн Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар барилдах эрхийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс сэргээх шийдвэрийг гаргалаа гэж мэдээлсэн юм.

    Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэлээ

    Б.Серик нь 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол, 2017 оны улсын наадамд тав давж шөвгаран улсын начин цол хүртэж байв. Улмаар 2022 оны улсын баяр наадамд долоо давж, улсын заан цол хүртсэн. Тэрбээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёр дахь уосын заан цолтон болсон юм.