MSports logo
ЛИЗ ДОУСОН ШИНЭ ЗЕЛАНДЫН ОЛИМПИЙН ХОРООГ УДИРДАХ АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО
  • А
    Админ

    10 сарын 12

  • ЛИЗ ДОУСОН ШИНЭ ЗЕЛАНДЫН ОЛИМПИЙН ХОРООГ УДИРДАХ АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО

    Лиз Доусон Шинэ Зеландын Олимпийн Хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. "Спорт, тамирчдын шилдэг өмгөөлөгч" гэж тодорхойлсон Доусон нь тус байгууллагын 111 жилийн түүхэнд энэ албыг хашиж буй анхны эмэгтэй хүн юм. "Би энэ үүргийг хүлээж байгаадаа баяртай байна. Шинэ Зеландын Олимпийн Хорооны туршлагатай Удирдах зөвлөл, удирдлага, ажилтнууд манай тамирчид, багуудад амжилт гаргаж, эх орныхоо Олимп, Олимпийн наадамд бахархах орчинг бүрдүүлэн дэмжиж ажиллахыг тэсэн ядан хүлээж байна."гэж Доусон хэлжээ. Шинэ Зеландын Олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 11 жил ажилласан Доусон олимпийн хорооны Шударга байдлын хороог удирдаж байжээ. Тэрбээр Далайн Үндэсний Олимпийн Хороо болон Үндэсний Олимпийн Хороодын Холбооны хүйсийн тэгш байдлын комисст ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн жил түүний ажлыг Олон улсын Олимпийн Хорооноос "Спорт дахь эмэгтэйчүүдийн диплом"-оор үнэлж байсан байна. Тус улсад жендерийн түвшинг тэнцүү, эрх тэгш авч үздэг бөгөөд Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардерн хэмээх 42 настай эмэгэтй байдаг билээ.

    Шинэ Зеландын Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Доусон нь COVID-19 тахлын үед болсон 2022 оны эмэгтэйчүүдийн крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлыг хариуцаж байсан. Түүнийг Шинэ Зеландын Олимпийн хорооны томилгооны зөвлөл ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг санал болгож, Окландад болсон Тусгай Ерөнхий Ассемблейн гишүүдээс сонгожээ. 2009 оноос хойш Шинэ Зеландын олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Олимпийн сэлүүрт завьны тамирчин асан Майк Стэнлигийн араас ийнхүү Доусон ерөнхийлөгчөөр томилогдлоо. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын эхээр албан ёсоор албан тушаалаа хүлээж авах юм. Харин Стэнлиг Шинэ Зеландын Олимпийн хорооны Хүндэт ерөнхийлөгчөөр ээлжит бус чуулганаар сонгожээ. Мөн ээлжит бус чуулганаар гурван хүнийг Шинэ Зеландын олимпийн одонгоор шагнасан байна. Эдгээр эрхмүүдэд 1976 оны Олимпийн хоккейн алтан медальт, ОУОХ-ны гишүүн асан Барри Майстер байсан бөгөөд тэрбээр олимпийн хорооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Шинэ Зеландын Олимпийн одонгоор 2005-2017 оны хооронд NZOC-ийн Удирдах зөвлөлийн гишүүн байсан Спортын албаны ажилтан Саймон Викхэм болон Шинэ Зеландын туг баригчдын өмсдөг нөмрөгийг бүтээгч нэхмэлчин Рануи Нгариму нар нэрлэгджээ. Энэхүү шагналыг Шинэ Зеландад "Олимпийн хөдөлгөөн болон Хамтын нөхөрлөлийн спортын хөдөлгөөнд үзүүлсэн онцгой үйл хэргийг" үнэлэх зорилгоор олгодог байна. 

    Н.Бэлгүүн