MSports logo
Г.АНУУЖИН АЗИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО
  • А
    Админ

    10 сарын 12

  • Г.АНУУЖИН АЗИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО

    Бахрейн улсын Манама хотноо хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Лхагва гарагт эмэгтэйчүүдийн 71 кг жинд манай улсын тамирчин Ганзоригийн Ануужин хошой хүрэл медалийн эзэн боллоо.  71 кг-д огцом өргөлтийн төрөлд Хятадын тамирчин Цюсиа Ян 106 кг-аар Алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Туркменистаны Гулнабат Кадырова 102 кг өргөсөн амжилтаар, Монголын тамирчин Ганзоригийн Ануужин 99 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ийг өргөсөн юм. 

    Харин нийлбэр дүнгээр 2017 онд Азийн залуучууд, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний медаль хүртсэнээсээ хойш олон улсын дэвжээнд гараагүй байсан Ян Цюсиа аваргаар тодорлоо. 20 настай Ян нийт оноогоороо 106-122 буюу нийлбэрээр 228 гэсэн амжилтаар нэгдүгээр байрт шалгарсан юм. Харин Туркменстаны тамирчин Гулнабат Кадырова нийлбэрээр 102-117 буюу 219 кг-ийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Монголын тамирчин Г.Ануужингийн хувьд өдгөө 24 настай, тэрбээр 10 дахь жилдээ олон улсын тэмцээндээ оролцож байна. Г.Ануужин нийлбэр дүнгээр 215 кг-ын өргөж, тивийн медалийн эзэн боллоо. Г.Ануужин нь оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, дэлхийн цомын тэмцээний аварга тамирчин бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй байсан юм.

    Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцож байна. Дэвжээнээ гарсан манай хоёр  тамирчин ар, араасаа булган сүүлтэйгээр медаль хүртээд байгаа бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 76 кг-д Д.Дархижав өрсөлдөж байна. Харин маргааш манай тамирчдын сүүл мушгиж, Монгол улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өрсөлдөх болно. 

    Н.Бэлгүүн