MSports logo
ХӨЛБӨМБӨГИЙН U-17 АНГИЛЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ ЭХЭЛЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 10

  • ХӨЛБӨМБӨГИЙН U-17 АНГИЛЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

    Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Бхубанесвар, Нави Мумбай болон Маргао хотуудад эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмцээнд “Олон улсын хөлбөмбөгийн холбооны" харьяа, зургаан бүс нутгийн холбооноос шалгарсан 16 баг өрсөлдөх бөгөөд 10 дугаар сарын 11-ний 16:30 минутад эхэлж, 10 дугаар сарын 30-ыг хүртэл явагдах хуваарьтай байна. “FIFA u-17 women’s World Cup” тэмцээнд оролцож буй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж нэг баг хэсэгтээ гурван тоглолт хийх бөгөөд хоёр баг хасагдах шатанд шалгарах юм. Тус тэмцээний хэсгийн шат 10 дугаар сарын 18-ыг хүртэл явагдаж, хасагдах шатны эхний тоглолтууд 10 дугаар сарын 21-нд эхэлнэ.

    Долоо дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү тэмцээн анх 2008 онд Шинэ Зеланд улсад зохиогдож Хойд Солонгос улсын охидын шигшээ баг анхны аваргаар тодорсон. Түүнээс хойш 2010 онд Өмнөд Солонгос, 2012 онд Франц, 2014 онд Японы багууд аваргалж байсан бол 2016 онд Хойд Солонгосын баг хоёр дахь аварга цолоо хүртсэн юм. Харин хамгийн сүүлд 2018 онд Уругвай улсад зохиогдоход Испанийн баг аварга болж байсан билээ. Энэ удаагийн хөлбөмбөгийн 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ДАШТ-д Танзани, Марокко, болон зохион байгуулагч Энэтхэг орны багууд анх удаа оролцож байгаа бол Герман, Канад, Шинэ Зеланд, Японы багууд зохиогдож эхэлсэн цагаас нь буюу долоо дахь удаагаа оролцож байна.

     

    Э.Мандалбаяр