MSports logo
𝐍𝐁𝐀: Даллас Маверикс баг 𝟏𝟑 жилийн дараа ФИНАЛД шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 31

  • 𝐍𝐁𝐀: Даллас Маверикс баг 𝟏𝟑 жилийн дараа ФИНАЛД шалгарлаа

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн лиг болох NBA-ийн Плэй-оффын тоглолтууд өнөөдөр өндөрлөлөө. Зүүн бүсийн шигшээ тоглолтод Бостон Селтикс баг Индиана Пэйсерсийг 4-0 харьцаатай буулган авч, финалд өрсөлдөх өрсөлдөгөө хүлээж байсан бол өнөөдөр тэдний хүлээлт дууслаа. Баруун бүсийн шигшээ цувралд 3-р байраар шалгарсан Миннесота Тимбервулвс баг, 5-р байраар шалгарсан Даллас Маверикс багууд учраа тааран өрсөлдлөө. 

    Цурвалын эхний гурван тоглолт дараалан Даллас Маверикс багийнхан эцсийн мөчид илүүрхэв. 3-0 гэсэн хар нүхэнд унасан Миннесотагийн залуучууд түүхийн эсрэг тоглохоор болов. Хожигдох эрхгүй дөрөв дэх тоглолтод Чононууд хожил байгуулж 3-1 харьцаатайгаар талбай дээрээ 5 дахь тоглолтыг хүлээж авлаа. 

    𝐍𝐁𝐀: Даллас Маверикс баг 𝟏𝟑 жилийн дараа ФИНАЛД шалгарлаа

    5-р сарын 31-нд талбай дээрээ хүлээж авсан тоглолтод залуу чононууд тоглолтыг маш муу эхлүүлэв. Даллас Маверикс багийнхан эхний үед гэхэд л 35 оноо авч өрсөлдөгчдөдөө ердөө 19 оноо алдаж, талбайн эздийг хүнд цохилтод орууллаа. Улмаар хоёрдугаар үед мөн ялгаагүй өрнөж 29 онооны зөрүүтэй эхний хагас өндөрлөв. Миннесота Тимбервулвс багийн алсын зайн шидэлт, дундын зайн довтолгоо, хамгаалалт гээд бүх зүйлийг Даллас Мавериксийнхан нурааж байлаа. Өмнө нь хоёр удаа финалд шалгарч, аваргийн цом өргөөд үзсэн талбай дээрх хамгийн туршлагатай тоглогч Кайри Ирвинг залуу тоглогчдод шийдвэрлэх тоглолтод хэрхэн тоглох талаар хичээл заасан үдэш байв. 

    Мөн түүний хажууд өнөө цагийн NBA-ийн нүүр царай, Словени залуу Лука Дончич өөрийгөө Финалд бэлэн гэдгээ харуулж гайхалтай тоглолтыг үзүүлэв. Даллас Маверикс багийн бүх зүйл өв тэгш байж, үндсэн цагт 124-103 харьцаатай Миннесота Тимбервулвсыг буулгаж авсанаар тэртээх 2011 онд аварга авсан түүхэн мөчөөч хойш анх удаа NBA-ын финалын шатанд шалгарч байна. Өнөөдрийн тоглолтод Лука Дончич 𝟑𝟔 оноо, 𝟏𝟎 самбар, 𝟓 дамжуулалт, Кайри Ирвинг 𝟑𝟔 оноо, 𝟒 самбар, 𝟓 дамжуулалт тус тус гүйцэтгэж багаа тэргүүлжээ.

    𝐍𝐁𝐀: Даллас Маверикс баг 𝟏𝟑 жилийн дараа ФИНАЛД шалгарлаа

    Одоо тэднийг Дорнод бүсийг тэргүүлсэн хүчирхэг Бостон Селтикс баг хүлээж байна. Аваргын цувралын эхний тоглолт 06-р сарын 06-ны 08:30 цагаас Бостон Селтикс багийн TD Garden-д эхэлнэ.