"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын хамгийн сүүлийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөж, Парисын олимпын эрхийн төлөө хүч үзэж байгаа юм.
Манай тамирчдаас олимпын наадамд амжилт гаргах магадлалтай гэгдэж байсан МУГТ Э.Цэндбаатар өчигдөр гурав дахь тулаанаа хийж ялагдал хүлээлээ. Тэрбээр хамгийн эхэнд Вьетнамын Ву Тандаттай учраа таарч, 5-0-ээр шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт байгуулсан. Үүний дараа Туркминстан улсын тамирчинтай шигшээ 32-т тулалдах байсан ч түүний өрсөлдөгч жиндээ орж чадалгүй, автоматаар ялалт манай тамирчинд ирсэн. Улмаар шигшээ 16-ын тоглолтоо лхагва гарагт Болгар улсын боксчин Радослав Симёнов Розновтой хийж, 5-0-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Ингэснээр Э.Цэндбаатар Парисыг зорих боломжгүй боллоо.
Одоо манай тамирчдаас тэмцээнээ үргэлжлүүлэх 6 тамирчин байна.