MSports logo
ИРАНЫ БӨХ ГАСЕМИ “ЛОНДОН-2012” ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛИЙГ 10 ЖИЛИЙН ДАРАА ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 19

  • ИРАНЫ БӨХ ГАСЕМИ “ЛОНДОН-2012” ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛИЙГ 10 ЖИЛИЙН ДАРАА ХҮРТЛЭЭ

    Лондон 2012 зуны 30 дахь олимпын наадмын чөлөөт бөхийн -120 кг-ийн жинд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид допинг хэрэглэсэн нь тодорч, эрхээ хасуулсан учраас Иран улсын бөх Комейл Гасеми арван жилийн дараа Лондонгийн олимпын аварга боллоо. Лондонгийн дэвжээнд Гасеми, ОХУ-ын Билял Махов нар хүрэл медалийн болзол хангаж байсан бол Узбекистаны Артур Таймазов, Гүржийн Давит Модзманашвили нарын эрхийг допингоос болж хасч, медалийг нь хурааснаар хүрэл медалийн эзэд алтан медаль хүртлээ. 2019 онд Таймазовын дээжийг ретроспектив шинжилж үзэхэд хориотой стероид туринабол бодис илэрсэн тул тэрбээр эрхээ хасуулж байжээ. Харин мөнгөн медальт Модзманашвили 2019 онд анаболик-андрогенийн стероид болох дегидрохлорметилтестостерон дааврын шинжилгээг эерэгээр давтан авсан тул мөнгөн медалиа хураахаас өөр аргагүйд хүрч, түүний тэмцээнд оролцох эрхийг зургаан жилээр хассан юм.

    Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Үндэсний Олимпийн Хороо Гасемид алтан медалийг нь гардуулах ёслолын ажиллагаа Тегеран хотын Шахид Садрзадегийн нэрэмжит бөхийн өргөөнд болсон байна. Арга хэмжээнд Ираны олимпын хорооны ерөнхийлөгч Махмуд Хосрави Вафа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Исламын Бүгд Найрамдах Иран улсын бөхийн холбооны ерөнхийлөгч Алиреза Дабир болон үндэсний шигшээ багийн бөхчүүд тэргүүтэй эрхмүүд оролцжээ. 2019 онд зодог тайлсан Гасеми "Рио-2016"-д эрэгтэйчүүдийн -125 кг-ийн ангилалд дэд байр эзэлснээр олимпийн мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү тэрбээр олимпын алт, мөнгөн медальт тамирчин боллоо. Дашрамд сонирхуулахад, Лондонгийн олимпын алтан медалиа хураалгасан Таймазов Лондон-2012 тэмцээний алтан медалиа алдсан ч 120 кг-аас доош насны Афин 2004 тэмцээний аварга, 130 кг-аас доош жинд Сидней 2000 мөнгөн медальтай хэвээр байгаа аж. 

     

    Н.Бэлгүүн