MSports logo
ИСПАНИ ЕВРОПЫН ТАВЦАНД 4 ДЭХ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 18

  • ИСПАНИ ЕВРОПЫН ТАВЦАНД 4 ДЭХ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

    Европын аварга шалгаруулах 41 дэх удаагийн “EuroBasket” тэмцээн Ковид-19 цар тахлын улмаас хоёр удаа завсардсаны эцэст 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс 18 хүртэл амжилттай зохион байгуулагдаж аваргаа шалгарууллаа. Европ тивийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсний эцэст Испанийн шигшээ баг аваргаар шалгарч Европийн тавцанд дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Тэд Турк, Гүрж, Бельги, Монтенегро, Болгар улсын багуудтай тэмцээний “А хэсэгт” багтаж дөрөв ялж, нэг ялагдан хэсгээ тэргүүлсэн юм. Харин хасагдах шатны эхний тойрогт Литвын шигшээ багийг буулган авч, хоёрдугаар тойрогт тус тэмцээнд гайхалтай тоглолтыг үзүүлж байсан Лаури Маркканений Финландын шигшээ багийг хожиж шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас шигшээ тоглолтод Германы шигшээ багт эхний гурван үе оноогоор дутуу явсан ч Испанийн хамгаалан тоглогч Лорензо Браун дөрөвдүгээр үед 11 оноо авч багаа финалын тоглолтод хөтөлсөн билээ. 

    Шигшээ тоглолтод ах дүү Эрнангомез хамтдаа 41 оноо авч хамгаалагч Лорензо Браун 14 оноо, 11 дамжуулалт өгч багаараа жигд тоглосны ачаар Францын шигшээ багийг 88:76 харьцаатай хожсон байна. Рүди Гоберт, Эван Фоурниер нараар ахлуулсан Францын шигшээ баг Испанид хожигдсоноор дэд байр эзлэсэн бол, саяхан Лэйкрэстэй хоёр жилийн гэрээ үзэглэсэн Деннис Шрөүдер тэмцээний турш 22.1 оноо 7.1 дамжуулалт дунджилж Германы шигшээ багаа хүрэл медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

    Европын аваргын бэлгэдлийн багт , Германы холбогч Деннис Шрөүдер, Испанийн хамгаалагч Лорензо Браун, довтлогч Вилли Эрнангомез, Грек довтлогч Йаннис Антетокунмпо, Франц төвийн тоглогч Рүди Гоберт нар нэрлэгдсэн бол үнэ цэнтэй тоглогчоор Вилли Эрнангомез нэрлэгдсэн байна. Вилли Эрнангомез энэхүү тэмцээнд 17.2 оноо, 6.9 самбар дунджилсан юм.