2002.07.27-нд Улаанбаатар хотод төрсөн. Спортын удам байдаг. Манай аав Волейболын спортын ОУХМ Р.Тамираа, Ээж спортын мастер, авга ах ОУХМ Р.Хангай, авга эгч спортын мастер Р.Солонгоо. Өвөө маань хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч Монгол улсын гавьяат багш Д. Ренчин гэж хүн байсан. Бага байхдаа аавынхаа бэлтгэл, тоглолт руу хамт дагаж явдаг байлаа. Шавь нартай нь харилцаад л бөмбөг тэврээд л гүйж байдаг байсан. Аав, ээж, ах эгч шигээ мундаг тамирчин болохыг мөрөөдөж аав ахтайгаа хамт тоглох юмсаан гэж боддог байж билээ.
Аав өндөр, ээж дундаж өндөртэй. Миний өндөр 192см. Багаасаа тэмцээн тоглолт үзэж өссөн болхоор би энэ талбайд ингэж тоглож үзэх юмсаан гэсэн бодлыг тээсэн. Аавыг дагаж явж бэлтгэл орж байхад нь хажууд дасгалыг нь дууриаж хийж байгаад л волейболын спортоор хичээллэх эхлэл тавигдсан байх. Дурсамж гэвэл хамгийн анхны тэмцээнд орох гээд өмсгөлийн номероо сонгож байх үе. Тухайн үед аавынхаа номертой тоглоно гээд 3 номертой аавынхаа Зүүн Азийн тэмцээнд оролцож байхдаа өмсөж байсан өвдгөвчийг өмсөж байсан тэр үе их нандин байдаг.
Анх улсаа төлөөлж 2022 оны 9-р сард Кыргизстан улсад болсон "Asian challenge cup" тэмцээнд оролцсон. Тухайн тэмцээний дараа "Nakhon Ratchasima VC" баг холбогдсон. Тайланд улсын шүүгч тухайн тэмцээн дээрээс намайг харан "Nakhon Ratchasima" багт миний мэдээлэл явуулсан юм байна лээ. Тайландын иргэд маш эелдэг зантай учир маш сайхан хүлээж авсан. Лигийн талаар гэвэл маш сайн зохион байгуулалттай өндөр түвшний системтэй. Гурван тойрог final гэсэн зарчимаар долоон хоногт нэг удаа тоглодог. Манай багийн тухайд гэвэл лигтээ 7 удаа аварга болсон сайн баг өмнө жил 3-р байранд орсон учраас энэ жил их ач холбогдол өгч бэлтгэл сургуулилт маш сайн хийсэн.
Амьдралд чухал гэж илүүд үздэг зүйл гэвэл хүнтэй мэндлэх, мэддэг юмаа зааж өгөх, бэлтгэлээ илүү хийх. Үлгэр дуурайлал авдаг хүн бол аав. Ааваасаа л маш их үлгэр дуурайлал авдаг мөн багийн ахлагч Цэрэнбаатар ах, авга ах Р.Хангай ахаас их үлгэр дуурайлал авдаг.
Би одоог хүртэл "Spiderman" болохыг хүсч мөрөөдөж явдаг аа . Тийм болохоор Superpower гэвэл нэг газраас нөгөө газар луу шилждэг болохыг хүсч байна. Мөн нохойтойгоо ярилцаж үзмээр байдаг учраас амьтны хэл ойлгох хүчтэй болохыг хүсч байна.
Монгол хоолноос ногоотой, будаатай хуурганд дуртай. Манай ээж өөрөө гоё ногоотой, будаатай хуурга хийдэг. Халуун ногоотой spicy food-нд дуртай. Spicy chicken-д их дуртай. Ногоотой хуурганд дуртай болсон түүх гэвэл ээж гоё хийдэг болохоор ээжийг ногоотой хуурга хийж байхад нь хажууд нь хараад л дагаж хийж сурахыг хүсдэг байсан.
10 жилийн сургуулиа олон улсын хөтөлбөртэй "Шинэ Эрин" лабортори сургуулийг төгссөн. Волейболоос гадна бөмбөгтэй спортуудыг бүгдийг нь оролдож үзсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай мөн ширээний теннис тоглох дуртай. Чөлөөт цагаараа гэр бүлийн болон хайртай дотны хүмүүстэйгээ уулзаж хөзөр тоглох дуртай. Дотны хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх, ярилцах дуртай.
Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медальтай. 2 удаа MVP, нэг удаа шилдэг тоглогч болж байсан. Насанд хүрэгчдийн улсын аварга, MVP. 2020 оны шилдэг эрэгтэй тамирчин. 2021 оны үндэсний дээд лигийн аварга, MVP, шилдэг тэгш тоглогч. Тайландын дээд лигийн аварга, MVP. Мөн opposite leader гээд шилдэг холбогчийн эсрэг довтлогчоор тодорсон. Цаашдын зорилго гэвэл өөр улсын том лигт легионороор тоглох. Хамгийн эхний ээлжинд Солонгосын лигийн драфтад орох зорилготой байгаа.
Би fantasy кинонд их дуртай. Жишээ нь "Narnia", "Spiderman", "Back to the Future". Яагаад энэ кинонуудад дуртай вэ гэхээр бодит амьдрал дээр байдаггүй сонирхолтой тоног төхөөрөмж, сонирхолтой үйл явдал болдог учраас тэрэнд нь илүү татагддаг. Дуртай хамтлаг дуучид гэвэл Монголоос Опозит, Rokit Bay. Гадаадаас бол "Imagine Dragons" гээд хамтлагт аягүй их дуртай. Бэлтгэл хийж байхад эсвэл тоглолтын өмнө сонсоход их мотиваци өгсөн хурдан хэмнэлтэй дуунуудтай.
Сэтгэлээр унасан үедээ аль болох завгүй байх тухайн асуудлаа мартах арга хэрэглэдэг. Ер нь бэлтгэлээ хийх, дасгал хийдэг. Эсвэл А-Sound хамтлагын дуунуудыг чихэвчээр сонсож тайвширдаг даа. Мөн өөрийнхөө өмнөх тоглолтын бичлэгийг үзэж тайвширч, хэцүү бодлуудаа мартдаг.