
Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, өссөн. Хотод ирээд Төмөр зам, 6-р бичил хороолол, 1-р сургууль хавьцаа өссөн. Аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Багаасаа спортод дуртай байсан. Спорттой холбоотой хүн болно л гэж бага байхдаа боддог байлаа.

Спорттой холбоотой анхны дурсамж гэвэл 1994 онд Лиллехаммерын олимпыг манай аав зурагтаар үзэж байсныг бүүр түүрхэн санадаг. Мөн 1994 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга зурагтаар гарч байсныг хальтхан санадаг. Өөрөө тод холбогдож эхэлсэн нь гэвэл 1996 оны Атлантын олимпыг зурагтаар тасралтгүй үзсэн. Хамгийн гол дурсамж нь Чарлес Баркли үзэгчид рүү пүүзээ шидээд л тэр нь гоё санагдаад. Сагс үзээд. Бас Монголын тамирчдаа харч спортод татагдаж байсан. Нармандах ахыг хүрэл медаль хүртэж байсныг харж байсан. Одоо хүртэл нүдэнд харагддаг. Тэр цагаас хойш спортын мэдээнүүдийг тасралтгүй уншдаг болж, спортын тамирчин болох юм сан гэж мөрөөдөөд л, тамирчдын амьдрал нь их гоё санагддаг байсан. Тэгээд “Таван Цагариг” сониныг уншдаг болж, дугаар дугаараар нь цуглуулдаг болоод том, том “Таван Цагариг” сонины цуглуулгатай болж байлаа. Польш спортын сэтгүүл, зураг, хайчилбар гээд их олон зүйл цуглуулсан. “Таван Цагариг” сонинд сэтгүүлчээр ажиллаж үзээгүй ч өөрөө сонирхлоороо сайн дураараа юм бичдэг байсан.

2003 онд ТВ9 телевиз анх байгуулагдаж байхад спортын редакцад мэдээ бичдэг редактораар ажилд орж байсан. 2004 онд Афины олимп дууссаны дараа ТВ9 телевизэд цуг ажиллаж байсан спортын найзуудтайгаа спортын сэтгүүл гаргах санал тавьж, “Спортын Цонх” сэтгүүлийг 2005 оны 4-р сард анхны дугаарыг нь гаргасан. Багаасаа гадаад спортын сонин, сэтгүүл уншдаг байсан болохоор Монголд спортын сэтгүүл гаргаж яагаад болохгүй гэж бодсон.

10 жилийн 1-р дунд сургуульд математикийн ангид сурсан. Математиктаа сонирхолтой байсан болохоор бакалаврт математикийн чиглэлээрээ сурч төгссөн. Тухайн үедээ спортын мэдээ, ажлуудаа давхар хийдэг байсан. Их сургуулиа төгсөөд Монголын Үндэсний Олимпын хороонд ажиллаж эхлээд, Спортын Цонх сэтгүүлээ ч үргэлжлүүлэн гаргаж байлаа. МҮОХ-нд ажилласнаар спортын сэтгүүлзүй гэхээсээ илүү спортын арын албанд илүү донтож, их олон юм уншдаг болсон. Энэ мэргэжлээрээ сурах хэрэгтэй гэж бодоод 2014-2015 онд спортын менежментээр Швейцарт сурч байсан. Одоо бараг 10 жил өнгөрсөн байна, олон ч зүйл өөрчлөгдсөн байна. МҮОХ-нд ажиллаж байхад Монголын туялзуур сэлмэний холбоонд ажиллах боломж давхар гарсан. Тус холбоог үүсгэн байгуулалцаад явж байсан. Мөн Арабын олимпын хороонд ажиллаж байсан. Спортоор ажиллахын үнэ цэнийг хэлбэл дуусашгүй...

Спортын янз бүрийн дээр үеийн материалууд цуглуулах дуртай. Явган явах, алхах дуртай. Чөлөөт цагаараа аялах дуртай. Хөгжим сонсох дуртай. Спортын тэмцээн уралдаан үзэх дуртай ч ажил учраас хоббигоо ажил болгосон гэж хэлж болно.

Пянз цуглуулдаг. Дэлхийн улсаар явахдаа тухайн орных нь хамгийн алдартай, ардынх нь ч юм уу гол дуучных нь пянзыг авдаг байсан. Дуртай хамтлаг маш олон, зөндөө. Тухайн mood-ээсээ болоод янз бүрийн дуунд дуртай. Хамгийн дуртайн нь гэвэл “Beatles”, “Pink Floyd”, “Radiohead”, 2 Pac гэх мэт маш олон хамтлаг, дуучдад дуртай. Хөгжим маш их учир утгатай. Хөгжмөөс янз бүрийн мэдрэмжүүдийг авч болдог.

Олон жил спортын менежментээр ажиллах гэж оролдоод, олон юм үзэж хараад Монголын спортын салбарт спортын корпорацын орон зай байгаа юм байна гэж бодоод Монголын спортын корпорацыг үүсгэн байгуулсан. Ковидын үеэр нарийн төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу компаниа нээсэн. Олон улсад ажилласан бүх туршлагаа нийлүүлээд Монголд яаж хөрсөн дээр бууж болох уу гэж одоо хүртэл туршаад, судлаад явж байна. Одоогоор 16 ажилтантай. Монгол дахь үйл ажиллагаанаас гадна гадаад харилцаагаа сайжруулах тал дээр олон ажил байгаа. Манай компани Монголын төдийгүй дэлхийд гарах том амбиц, зорилготойгоор хичээж байна. 19 спортын холбоодтой одоогоор хамтарч ажиллаж байгаа.

Монголын царайлгуудын холбооны тухайд хүмүүс намайг их царайлаг гээд байдаг юм л даа. Тэгээд надад байгуулж өгсөн юм. Би өөрөө ч тэгээгүй, хүмүүс л царайлаг гэдэг. Хүмүүс худлаа ярина ч гэж юу байхав, гэхдээ миний царайлаг ч гэж юу байхав.

Залуучуудыг гоё, аз жаргалтай байгаасай л гэж хүсдэг. Үлгэр дуурайлал авдаг хүн олон. Уулзсан хүн бүрээсээ авах зүйлийг нь авдаг. Ярьж барамгүй их.

“Super Power”-тай байсан бол гэж бодож байгаагүй. Гэхдээ одоо бодоход “portal”-ддог буюу шууд шилждэг байвал гоё байж магадгүй. Photo memory-той байвал бас гоё байсан байх.









