MSports logo
ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Франц, Португалын тоглолтын таамаг
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 5

  • ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Франц, Португалын тоглолтын таамаг

    Евро 2024 тэмцээний шөвгийн наймд Европын шилдэг шигшээ багууд тунаж үлдээд байна. Өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн нүүр царай Килиан Мбаппегээр манлайлуулсан, өнгөрсөн ДАШТ-ий дэд аварга Францийн шигшээ баг гурав дахь удаагаа Европын аваргын цом өргөхөөр тэмүүлж байна. Харин нөгөө талд Европын аваргад хамгийн олон удаа оролцсон амжилтаа ахиулж, талбай дээр өнгөрүүлж буй минут, тоглолт бүр нь цоо шинэ рекорд болж буй Криштиану Роналдугаар удирдуулсан Португалчууд хоёр дахь цомынхоо төлөө өрсөлдөж байна. Тус хоёр баг 07-р сарын 06-ны 03:00 цагаас тоглох хуваарьтай байна. Тус хоёр багийн онцлог, статистик, тоглолтын өмнөх таамгийг хүргэж байна.

    ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Франц, Португалын тоглолтын таамаг

    Францын шигшээ баг шигшээ 16-д Бельгийн эсрэг нэг ч гоол оруулж чадаагүй ч Бельгийн тоглогч өөрийн хаалганд гоол оруулснаар 1:0-ээр ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан. Харин Португал шигшээ 16-д Словенийн эсрэг учраа таарч хоёр баг үндсэн болон нэмэлт цагт хуурай тэнцсэн. Улмаар торгуулийн цохилтоор Португал ялалт байгуулан шөвгийн наймд шалгарсан билээ. Тэдний хооронд хуучны тооцоо буй. 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод учраа таарч гал гарсан тоглолтыг толилуулсан. Үндсэн цагт аль ч баг гоол оруулалгүй тэнцсэн ч нэмэлт цагт Португалын хамгаалагч Едерийн хийсэн хожлын цорын ганц гоолоор Португалчууд аварга авч байсан удаатай. Португалчууд дахин Францыг буулгаж авах уу? Эсвэл Францчууд 2016 оны хариугаа авах уу?

    Франц

    ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Франц, Португалын тоглолтын таамаг

    Францийг хэдийнээ туршлагатай болсон, ДАШТ-ий дэд аварга Килиан Мбаппе удирдаж байгаа. Өдгөө 25 настай тэрбээр 2017 онд шигшээ багт нэгдсэнээсээ хойш өөрийн ур чадвараа харуулж байгаа ба 82 тоглолтод оролцохдоо 48 гоол оруулсны дотор 6-р сарын 25-нд хэсгийн тоглолтод Польшийн эсрэг 1:1-ээр тэнцэхэд тэнцээний гоолыг оруулж, хэсгээсээ шалгарсан. Түүний хурдан довтолгоо, хөлийн ажиллагаа, бөмбөг эзэмших чадварын талаар ярих зүйлгүй. Яах аргагүй өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг. Түүнээс ирэх аюултай довтолгоонууд багаа үргэлж сэргээж байдаг. Тэрбээр дөрвөн тоглолтод 6 удаа аюултай довтолгоо толилуулж, нэгийг нь гоол болгосон байна. 

    ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Франц, Португалын тоглолтын таамаг

    Мөн Францыг хүчирхэгжүүлэхэд 33 настай довтлогч Антуан Гризманны оролцоо маш чухал. 2014 онд Францын шигшээ багт ирснээсээ хойш 133 тоглолтод оролцохдоо 44 гоол оруулаад байна. 2021 онд 16 тоглолтод есөн гоол оруулсан нь түүний багтаа үзүүлсэн хамгийн өндөр нөлөө болж байжээ. 2023-2024 онд Атлетико Мадридын гишүүн байхдаа лигийн 33 тоглолтод 16 гоол оруурсан нь түүний чадварыг бүрэн илтгэж байна. Францын дасгалжуулагч Дидье Дешам "Бидэнд ур чадвар, чанар байна. Гэхдээ олон багт ийм чанарууд бий. Ийм өндөр түвшний хөлбөмбөгт нэгэн цул болж, хамтдаа хичээх хэрэгтэй. Хүн бүр тоглолтоос тоглолтод сайжирч байна. Еврогийн тоглолт бүрт биеийн хүчийг дээд зэргээр шаардаж байна" гэжээ.

    Португал

    ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Франц, Португалын тоглолтын таамаг

    Португалын шигшээ багийг хүчирхэгжүүлж буй тоглогч бол хагас хамгаалагч Бернардо Силва. Тэрбээр хэсгийн тоглолтод Туркийг 3:0-ээр хожсон тоглолтод эхний гоолыг оруулсан. 2015 онд шигшээ багт элссэн Силва 92 тоглолтод оролцохдоо нийт 12 гоол оруулж байжээ. Английн Премьер лигт Манчестер Сити багт тоглодог түүний хувьд өнгөрсөн улиралд тэрээр 33 тоглолтод зургаан гоол оруулсан байна. Өдгөө 29 настай Силва Манчестер Ситигийн төлөө долоон улирал тоглохдоо 233 тоглолтод оролцож, 39 гоол оруулсан байна.

    Мэдээж Португал гэхээр шууд л Криштиану Роналду орж ирнэ. Хэдийнээ 39 хүрсэн ч түүний авьяас чадвар үргэлж эсрэг багтаа аюул тарихад хангалттай байгаа. Португалийн шигшээ багийн бэлгэ тэмдэг болсон Роналду анх 2003 онд шигшээ багтаа элссэн. Тэр цагаас хойш 211 тоглолтод оролцож 130 гоол оруулаад байна. Европын аварга шалгаруулах тэмцээний олон амжилтуудыг эзэмшдэг домогт тоглогчийн хувьд хэдийгээр энэ тэмцээнд гоол оруулаагүй байгаа ч үргэлж бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр сүүлийн хоёр улирал Саудын Арабын Про лигийн “Аль Наср” багт тоглож, 47 тоглолтод 49 гоол, түүний дотор өнгөрсөн улиралд 31 тоглолтод 35 гоол оруулсан амжилттай яваа. 

    ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Франц, Португалын тоглолтын таамаг

    Португалын дасгалжуулагч Роберто Мартинез "Бид Францын эсрэг тоглолтод бүрэн төвлөрч, бэлдсэн. Тэд хүчтэй гэхдээ арын шугамдаа зай гаргах байх. Тэд асуудал тарьж чадна. Бид илүү олон боломж үүсгэнэ гэж найдаж байна. Одоо тэмцээн илүү төвөгтэй болж ирлээ. Торгуулийн цохилтоор хүртэл ялагчийг торуулна. Хувийн чадвараараа боломжуудыг үүсгэх мөч ирсэн" гэсэн байна.

    Статистик сөхвөл:

    Өнгөрсөн дөрвөн тоглолтод Португал эсрэг багийн хаалганд 5 гоол оруулж, өөрийн хаалгандаа 3-ыг алджээ. Харин Франц эсрэг багийн хаалганд 3 гоол хийсэн бол өөрсдийн хаалгандаа ердөө 1 гоол алдсан байна. Франц тоглолтын турш 53.75%-тай бөмбөг эзэмшдэг бол Португал 65.25%-тай бөмбөгөө эзэмшдэг байна. Харин Португалын дамжуулалт 89.5%-ийн амжилттай бол Франц 90.5%-ийн амжилттай бөмбөгөө дамжуулж байжээ. Хоёр баг такл хийхдээ гаргууд бөгөөд Францчууд дөрвөн тоглолтод 17 такл хийсэн бол Португалчууд нийт 22 удаа такл хийжээ.

     Португалчууд өмнө нь хийсэн тоглолтууддаа 9 шар хуудас авсан бол Францчууд 6 удаа шар хуудсаар торгуулжээ. Харин хоёр багуудын ямар ч тоглогч одоогийн байдлаар улаан хуудсаар торгуулаагүй байна. Францчууд нийт 12 аюултай цохилт, довтолгоог хамгаалсан бол Португалчууд 6 довтолгоо хамгаалж чаджээ.  

    Тус хоёр багийн аль хожсон нь өмнөх тоглолт буюу Испани, Германы шигшээ багуудын хожсонтой хагас шигшээ шатанд учраа таарна.