MSports logo
ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Испани, Германы тоглолтын таамаг
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 5

  • ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Испани, Германы тоглолтын таамаг

    Евро 2024 тэмцээний шөвгийн наймд шалгарсан багууд өнөөдөр шөнөөс эхлэн гайхалтай тоглолтуудаар хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулах биз ээ. Шөвгийн наймын эхний тулаан 00:00 цагаас Европын аваргын хамгийн олон буюу гурван удаагийн аварга цолыг хүртсэн хоёр баг болох Герман болон Испанийн шигшээ багуудын хооронд зохион байгуулагч Герман улсын нийслэл Берлинд хотноо эхэлнэ. 

    Испани шөвгийн 16-д Гүржийн багийг 4:1-ээр буулган авсан. Одоогоор тэд энэ тэмцээнд нэг ч хожигдол амсалгүй дөрөв дараалан хожил байгуулсан. Харин Герман шөвгийн 16-д Данийн шигшээг 2-0 харьцаатай хожсон. Тэд ийнхүү сүүлийн дөрвөн тоглолтын гуравт нь ялалт байгуулж, нэг тэнцсэн билээ. 

    Испани

    Испанийн шигшээ баг “Евро 2024”x тэмцээний эхний дөрвөн тоглолтын турш багаараа тэнцвэртэй довтолсон. Тэд нийт есөн гоол оруулсан ба долоон тоглогч нь гоол оруулснаар тус тэмцээний хоёрдугаар байрт бичигдэж байна. Хагас хамгаалагч Фабиан Руиз багийнхаа мэргэн бууч, шилдэг довтлогч хэвээр байгаа. Руиз хол замд бөмбөгөө сайн эзэмшдэг, хамгаалагчдын хооронд бөмбөгөө хэрхэн удирдахаа маш сайн мэддэгээрээ алдартай. Мөн оролцсон дөрвөн тоглолтдоо нийт 11 цохилтоор эсрэг багаа айлгаж, түүний хоёр нь гоол болсон ба нэмээд хоёр гоолын дамжуулалт өгч багаа тэргүүлж байна. 

    Мөн энэ жилийн Европын аваргаар олон танигдаад буй дөнгөж 16 настай Ламин Ямал гайхалтай ур чадвараа харуулаад байгаа. Багийн нөхдөө тоглолтод оролцуулж, зөв шийдвэр гаргахдаа гарамгайд. Ямал оролцсон дөрвөн тоглолтод нийт хоёр гоолын дамжуулалт өгч өөрийгөө батлан харуулаад байна. Идэр насан дээрээ яваа залуу тоглогч өнгөрсөн улиралд Барселонагийн төлөө таван гоол оруулж, таван оновчтой дамжуулалт өгсөн зэрэг нь түүнийг энэ том тэмцээний хариуцлагатай тоглолтод бэлэн гэдгийг баталж байна. Дээр дурдсанчлан Испани олон янзын байрлалаас гоол хийж, ачаалал даах чадвартай олон довтлогчидтой тул тэд яхир хамгаалалттай Германы эсрэг гоол оруулж чадах байх.

    ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Испани, Германы тоглолтын таамаг

    Герман

    Германы шигшээ багийн хувьд мөн гүн гүнзгий бүрэлдэхүүнтэй байгаа. Олон талт довтолгооны сонголтуудтай тэд дөрвөн тоглолтод есөн гоол оруулсан бөгөөд гурван тоглогч нь хоёр ба түүнээс дээш гоол оруулсан байна. Тэднээс онцолбол хагас хамгаалагч Жамал Мусиала. Тэрбээр энэ жилийн Европын аваргад нийт гурван гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Мусиала ур чадвар өндөр, ямар ч саадыг тойроод гарах чадвартайн дээр найдвартай довтолгоо хийдгээ харуулаад амжсан. 21 настай Жамал Мусиала сул зайг андахгүй, 8 хүчтэй довтолгоо эсрэг багийн хаалга руу хийхдээ гурвыг нь чулуу болгосон. 

    Мөн Кай Хаверцын олон талт тоглолт ямар ч үед аюул тарина. Хаверц бөмбөг авсан үедээ шууд л эсрэг багийн шүдний өвчин болдог тэрбээр дөрвөн тоглолтод нийт 13 аюултай довтолгоо хийснийхээ хоёрыг нь байндаа тусгасан. Мөн бусдыгаа ч тоглуулах чадвартай түүний хувьд нэг гоолын дамжуулалт өгөөд амжсан. Нутгийн дэвжээн дээрээ тоглож буй Герман машинууд шийдвэрлэх тоглолтод тийм ч амар хожигдохгүй байх. Тэдний хамгаалалтаас хурдан довтолгоо руу шилжих чадвар өндөр тул Испани нэг л буруу гишгэхэд хасагдах аюулд орох магадлалтай. 

    ЕВРО 2024: Шөвгийн наймд шалгарсан Испани, Германы тоглолтын таамаг

    Статистик сөхвөл:

    Испани нийт дөрвөн тоглолтод хаалгандаа 1 гоол алдсан бол Герман 2 гоол алсдан байна. Испани нэг тоглолтод 58.5 хувьтай бөмбөг эзэмшиж байгаа бол Герман 62%-тай. Дамжуулалтын хувиар Испани 91%-тай, Герман 92.25%-тай буюу хоёр баг маш өндөр нарийвчлалтай бөмбөгөө дамжуулж байна. Испани хаалгандаа ирсэн 10 аюултай довтолгоог хамгаалсан бол Герман 7 довтолгоог няцаажээ. Испани нийт 22 удаа такл хийсэн бол Герман 17 удаа амжилттай такл гүйцэтгэсэн байна. Испани болон Герман аль аль нь нийт 6 шар хуудас авсан ба аль ч багийн тоглогчид улаан хуудсаар торгуулаагүй байна. 

    Олон улсын бооцооны таамаг гаргадаг компаниуд тус хоёр багт ижилхэн хожих магадлалтай гэж үзэж байгаа нь сонирхолтой. Аль нэг багт давуу тал өгсөнгүй. Харин энэ тоглолт гоол ихтэй, өрсөлдөөнтэй өнгөрнө гэж үзжээ. “SportsLine”-ний хөлмбөгийн таамаг дэвшүүлэгч Мартин Грин тус тоглолтод хоёр баг 2 ба түүнээс дээш гоол оруулна хэмээн таамагласан байна. Тус хоёр багийн аль хожсон нь тэдний араас 03:00 цагаас явагдах Португал болон Францын шигшээ багуудын аль хожсонтой хагас шигшээ шатанд өрсөлдөнө. Испани болон Германы шигшээ багууд өнөөдөр тулж, аль нэг нь Европын аварга шалгаруулах тэмцээнд хэн нь хамгийн олон удаа аварга болохын төлөө цааш өрсөлдөнө.