MSports logo
"ПАРИС 2024" ОЛИМПЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД БЭЛЭГДЭЛ БУЮУ "МАСКОТОО" ТАНИЛЦУУЛЛАА
  • А
    Админ

    11 сарын 16

  • "ПАРИС 2024" ОЛИМПЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД БЭЛЭГДЭЛ БУЮУ "МАСКОТОО" ТАНИЛЦУУЛЛАА

    Анх “Греноблын 1968” өвлийн олимп “Шусс” гэх бэлгэдэл маскотыг гаргаж ирснээс хойш, олимпын наадам бүр зохион байгуулагч орны өнгө төрхийг илэрхийлж, нийгэмд хандсан бэлгэдэлтэй болсон. Олимпын наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан "Парис-2024" олимпын зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа Олимпын Наадмын бэлгэдэл сахиус буюу “Маскотууд” ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол Францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон “Фрижиан” малгайн хэлбэрийг агуулсан “Фрижес” маскотыг сонгожээ. Францын хувьсгалт тэмцлийг эхлүүлсэн энгийн иргэд конус хэлбэрийн уг малгайгаар ялгардаг байсан тул хожмоо хувьсгалын бэлгэ тэмдэг болсон байна. Зохион байгуулагчид бэлгэдэл сахиусаа хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд өхөөрдөм тоглоомын дүртэй болгожээ. Мөн паралимпын маскотын хиймэл хөл ил харагдах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих маш том утга санаа агуулагдаж байгаа аж.

    Яагаад энэхүү малгайг маскот болгон сонгосон талаараа "Парис-2024" олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге: "Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж болно гэдгийг дэлхий нийтэд батлан харуулахыг зорьсон учраас ардчиллын бэлгэ тэмдэг болсон малгайг сонгосон. Энэ бэлгэ тэмдэг Францчуудын ондоошил, ялгарлыг илэрхийлэх болно" гэж тайлбарлажээ. Мөн "Парис-2024" олимпын брэндийн захирал Жюли Матихин: "Бид өөрсдөөсөө Францын мөн чанарыг агуулсан сахиус юу байж болох вэ гэж асуусан. Зөв хариулт нь ямар нэг амьтан биш, үзэл санаа байсан. Тиймээс хэдэн зууны турш Францын ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл болсоор ирсэн “Фрижиан” малгайг сонгосон юм" хэмээн ярьсан байна.

     

    Э.Мандалбаяр