MSports logo
МОНГОЛЫН БОКСЧИД ЙОРДАН УЛСААС БОГЦ ДҮҮРЭН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 14

  • МОНГОЛЫН БОКСЧИД ЙОРДАН УЛСААС БОГЦ ДҮҮРЭН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

    Насанд хүрэгчдийн боксын Азийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн тэмцээн Йордан улсын Амман хотод энэ сарын 1-нээс, 12-ныг хүртэл амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 27 орны нийт 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 багц медалийн төлөө өрсөлдлөө. Монгол улсаас энэхүү тэмцээнд ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, туслах дасгалжуулагч О.Батхүү, Б.Эрдэнэбаяр, аброр эмч Ч.Насанбат гэх арын албаны бүрэлдэхүүний хамтаар эрэгтэй ес, эмэгтэй найман жинд тамирчдаа илгээж 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж, эх орондоо богц дүүрэн медальтай ирлээ. Эрэгтэйчүүдийн -60кг-д тоглосон залуу тамирчин Б.Буяндалай болон эмэгтэйчүүдийн -60 кг-д хүч сорьсон Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэн болов. Харин эрэгтэйчүүдийн -51кг жинд Х.Энхмандах, -57кг жинд Г.Лундаа, -67кг жинд Б.Чинзориг, -71кг жинд О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Алтанцэцэг, -54кг жинд О.Есүгэн, -63кг жинд У.Шинэцэцэг, -70кг жинд Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртсэн юм. Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид, түүхэндээ хамгийн олон медаль авсан тохиолдол болж байна.

    Монголын боксын шигшээ багийн хувьд тус тэмцээнд нийт 10 медаль хүртэж, медалийн тоогоор дөрөвт жагссан бол, медалийн чансаагаар 11-д эрэмбэлэгдсэн байна. Йордан улсын Амман хотод зохиогдсон боксын ААШ тэмцээнийг медалийн чансаагаар Казахстан улс 6 алт, 7 мөнгө, 8 хүрэл медальтай тэргүүлсэн бол дэд байранд 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай Узбекстан улсын баг тамирчид эрэмбэлэгдэж, Энэтхэг улсын боксчид 4 алт, 2 мөнгө, 6 хүрэл медальтай удаах байранд жагсжээ. 1963-аас 2017 он хүртэл эмэгтэй, эрэгтэй боксын ААШ тэмцээнүүд тусдаа, 2 жилд нэг удаа зохиогддог байсан ба 2019 оноос жил бүр, эрэгтэй, эмэгтэй ангиллууд хамт зохиогддог болсон юм. 2007 оны эрэгтэйчүүдийн болон 2012 оны эмэгтэйчүүдийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын Улаанбаатар хотод зохиогдож байсан түүхтэй.

     

    Э.Мандалбаяр