MSports logo
ДЭЙТОНЫ КОЛЛЕЖООС ТӨРСӨН ОДОД
  • А
    Админ

    11 сарын 15

  • ДЭЙТОНЫ КОЛЛЕЖООС ТӨРСӨН ОДОД

    Ш.Энхийн-Одын тоглож байгаа “Дэйтон” коллеж 3 дахь тоглолтоо “Невада Раннин Ребелс”  багийн талбайд зочилж, 52:60 харьцаатай  ялагдал хүлээснээр, улирлын анхны ялагдлаа амслаа. Ш.Эхнийн-Од тоглолтыг гараанаас эхлүүлж 25 минут тоглохдоо 14 оноо, 4 самбар, 3 бөмбөг таслалт гэсэн стат үзүүлсэн байна. Тус тоглолтод “Невада Раннин Ребелс” багийн хамгаалагч Элия Харклесс 24 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол “Дэйтон” коллежийн хамгаалагч Коби Элвис 16 оноо авч багаа тэргүүлсэн юм. “Дэйтон Флайрс” багийн дараагийн тоглолт ирэх ням гарагт талбайдаа Роберт Моррисыг хүлээн авч тоглоно.

    Сонирхуулахад “Дэйтон” коллежийн түүхэнд нийт 21 тоглогч “NBA”-д элсэж байжээ. Хамгийн анх Монк Майнеке гэх тоглогч 1952 оны драфтын 2 дугаар тойргийн 3 дахь сонголтоор тухайн үеийн “Форт Уэйн Пистонс” багт сонгогдож байжээ. Тэрбээр эхний жилдээ улирлын 68 тоглолтод оролцож 10.6 оноо, 6.8 самбар дунджилж байсан. Улмаар лигт 5 жил тоглохдоо 6.8 оноо, 4.7 самбар, 1.2 дамжуулалт дунджилж байжээ.

    Харин “Дэйтон” коллежоос “NBA”-д элсэж байсан хамгийн алдартай тоглогч бол 1979 оны драфтын эхний тойргийн 12 дахь сонголт болох Жим Пакссон гэх эрхэм билээ. Жим Пакссон лигт 11 улирал тоглохдоо 14.2 оноо, 2.9 дамжуулалт, 1.2 бөмбөг таслалт дунджилж, 2 удаа бүх оддын тоглолтод сонгогдож байжээ. Тэрбээр замналдаа “Портланд Трэйл Блэйзерс” багт найман улирал, “Бостон Селтикс” багт гурван улирал тоглосон байдаг. Замналынхаа хамгийн оргил жилүүдийг өнгөрөөсөн Жим Пакссон 1982-83 оны улиралд 21.6 оноо, 2.8 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт дунджилж анх удаа бүх оддын тоглолтод сонгогдохын сацуу, багаа хасагдах шатанд шалгарахад онцгой нөлөө үзүүлсэн билээ. “Портланд Трэйл Блэйзерс” 1983 оны хасагдах шатанд Өрнөд бүсийн 5 дугаар байраар шалгарч, эхний шатанд Өрнө бүсийн дөрвөөр шалгарсан “Сиэтл Супер Соникс” багийг 2:0 харьцаатай хожиж, хоёрдугаар шатанд тухайн жилийн Өрнөд бүсийн тэргүүн баг болох Карим Абдул-Жаббар, Мэйжик Жонсон нараар ахлуулсан “Лос Анжелес Лэйкерс” багт 1:4-өөр ялагдаж улирлаа өндөрлүүлж байсан түүхтэй. Харин дараа улирал нь дахин бүх оддын тоглолтод сонгогдож, багаа Өрнөд бүсийн 3 дугаар байраар шалгаруулсан ч эхний шатанд Финикс Санс багт 2:3-аар ялагдаж байсан юм. Улмаар 1987-88 оны улиралд Бостон Селтикс багруу солигдож, 1990 онд зодог тайлж байжээ.

    Харин 2000 оноос хойш “Дэйтон” коллежоос долоон тоглогч лигт элсэж байснаас Нью Йорк Никс багийн довтлогч Оби Топпин ганцаараа драфтын нэгдүгээр тойргоор лигт элсэж байжээ. Оби Топпин “Дэйтоны” коллежд хоёр улирал тоглож 17.1 оноо, 6 самбар, 1 хаалт дунджилсан байдаг. Тухайн хоёр улиралдаа Оби Топпин оны шилдэг 10 тоглогчийн нэгээр хоёр удаа нэрлэгдэж, “Ассошиетед Пресс” агентлагаас 2019-20 оны коллежийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж байсан юм. Улмаар 2020 оны драфтын эхний тойргийн, найм дахь сонголтоор Нью Йорк Никс багт сонгогдсон байдаг.      

    Эх сурвалж: realgm.com

    Э.Мандалбаяр