Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт энэ сарын 27-ны өдрөөс эхлэн зохиогдож байна. Өнгөрсөн жилийн аварга Монгол улсын шигшээ маань энэ жил бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулан оролцож байгаагаараа онцлогтой. Тодруулбал Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогчид болох А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар оролцож буй бол өмнөх бүрэлдэхүүнээс А.Ананд тус багийн ахлагчаар тоглож байна.
Тэмцээний эхний B хэсэгт Тайланд, Шри Ланка улсын багуудтай учраа таарсан байна. Өнөөдөр болсон Шри Ланка улсын багтай хийсэн эхний тоглолт ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, тоглолт нэмэлт цагт шийдэгдлээ. Нэмэлт цагт хийсэн А.Анандын олон дараалсан алсын зайн шидэлтүүд амжилтууд болсон ч хамгаалалтаа сайн хийн эсрэг багтаа оноо алдсангүй. Нэмэлт цагийн эхний оноог А. Азбаяр оруулж, түүний араас А.Анандын довтолгоо амжилттай болж 15-13 харьцаатайгаар ялалт байгуулан Монголын 3х3 шигшээ эхний ялалтаа байгууллаа.
Тэд өнөөдөр 19:20 цагаас Тайландын шигшээ багтай тоглоно.
Өнгөрсөн жил Монголын эрэгтэй шигшээ баг хүчирхэг Австралийн багийг ялж, Ази тивийн хоёр дахь түрүүгээ авсан. Харин тус багийн бүрэлдэхүүнд багтсан А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар энэ удаагийн тэмцээнд гэмтэл бэртэл болон зарим шалтгаануудын улмаас багтаагүй юм.