1986 онд УБ хотод төрсөн. Нөхөр, 2 хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг. Спортын удамтай, спортлог гэр бүл гэж хэлж болно. Аав, ээж хоёр маань залуудаа спортоор хичээллэдэг, ээж байт харвааны, аав тэшүүрийн тамирчид байсан. Одоо ч спорттойгоо холбоотой л яваа. Аавын аав, өвөө маань буудлага спортын мастер хүн байлаа. Дүү маань бас сагсны спортын мастер. Спортын холбоотой хамаатнууд бий бий.
Жоохон байхын л ээжийгээ дагаад тэмцээний талбай дээр очдог байсан. Байт харваа гоё элит спорт санагддаг, харвах нь бас стресс тайлна. 2008 оноос шүүгч хийж эхэлсэн. Шүүгч хийхийн нэг гоё нь гадаад улс орнууд руу их явна, шинэ найз нөхөдтэй болно, дэлхийн бараг хаа ч очсон таньдаг хүнтэй байх сайхан. Хамгийн бахдам мөч Олимпын алтан медалийн тэмцээнийг шүүх байсан. Бас анх Олон Улсын шүүгчийн шалгалтад тэнцсэнээ дуулаад их баярлаж байлаа.
Чөлөөт цагаараа зураг зурах, хөгжим сонсох, найзуудтайгаа уулзах дуртай. Бусад спортоос уран гулгалт гоё санагддаг, их үзэсгэлэнтэй.
Superpower-тай байх боломж гарах байсан бол аливаа юмсыг анагаах чадвартай байвал cool! Хэхэ
Дуртай хамтлаг, дуучид гэвэл Coldplay, Lana Del Rey, Adele, Billie Eilish, Харангын Лхагва.
Ээжийн гарын хуушуурт дуртай.
Амьдрал богинохон болохоор аль болох их сайхан дурсамжуудыг бүтээхийг хичээдэг. Үр хүүхдүүддээ бас олон сайхан мөч, дурсамжуудыг үлдээхийг хүснэ. Хүүхдэд ээлтэй, аюулгүй нийгэм байгаасай гэж хүсдэг.
Байт харваатай холбоотой гэвэл Олимпийн тавцанд Алтан медалын тэмцээнийг шүүсэн маань мэдээж хамгийн том амжилт. Тэрнээс гадна, оюутан байхдаа Франц хэл дээрх яруу найргийн тэмцээнд ГранПри шагнал авч Францын Каннын Кино наадамд урилгаар оролцох эрх авч байсан минь бас том амжилтуудын маань нэг. Мөн 2 сайхан хүү төрүүлж ээж болсон нь миний хувьд маш том амжилт. Цаашдаа олон Олимп дээр ажилламаар байна.
Олимпод шүүгчээр ажиллах эрхээ аваад маш их баярлаж тэр имэйл-ээ дахин дахин уншиж билээ. Тэгээд ээж, аавыгаа хамгийн түрүүнд баярлуулахыг тэсэн ядан хүлээсэн. Олимпод ажиллах маш их бахархалтай, бас маш их хариуцлагатай байсан. Токиогийн Олимп өөрөө их онцлогтой. Covid-ын үеэр байсан учраас их хатуу дэглэм сахих шаардлагатай болсон. Гадуур явах хориотой, өвдөх эрхгүй, алдаа гаргах эрхгүй байлаа. Олимп учраас тамирчид гэлтгүй шүүгч нар ч бас ялгаагүй сэтгэл зүй их хүчтэй байх нь чухал. Тэр болгоныг даваад ард нь гарч чадсан нь үнэхээр гоё бахархалтай байсан.
Сэтгэлээр унахгүйг хичээж, аль болох өөдрөг байхыг хичээдэг. Хамгийн гол нь хайртай хүмүүс маань эрүүл саруул байхад бусдыг даваад л гарна гэж боддог.