Парис-2024 паралимпын наадмын нээлтийн ёслол 8 сарын 28 - 29 шилжих шөнө 02:00 цагт нээлтээ хийнэ. Тус наадам Байт харваагаар эхлэх бөгөөд урьдчилсан шатны чансаа олгох шалгаруулалтаар эхэлнэ.
1960 онд Ромд болсон анхдугаар паралимпын наадмаас хойш пара байт харваа нь паралимпын спортын хөтөлбөрт багтаж ирсэн. Гэсэн ч уг спортын түүх нь бүр эртнээс эхлэлтэй. Паралимпын наадмыг үүсгэн байгуулагч гэгддэг доктор Людвиг Гуттман анх 1940 онд Их Британийн Сток Мандевилл эмнэлэгт шархадсан ахмад дайчдыг нөхөн сэргээж эмчлэхийн тулд Байт харвааг ашиглажээ. Тэрээр 1948 онд Их Британийн Дэлхийн 2-р дайны ахмад дайчдын багахан хэмжээний цугларалт зохиож спортын байт харвааны нөхөрсөг тоглолт хийж уг спортын эхлэлийг тавьсан байна.