ны өдрүүдэд Баруун Германы Мюнхен хотод зохион байгуулагдаж байлаа. 1972 оны Мюнхений олимпын наадмаас эхлэн олимпын наадам нь өөрийн гэсэн маскот буюу бэлгэ тэмдэг бүхий сахиустай болсон юм. Тус олимпын наадамд 121 улсын 7134 тамирчин оролцсон бол манай улс чөлөөт бөх, хөнгөн атлетик, буудлага спорт дээр нэмэгдээд анх удаагаа олимпод бокс, жүдо, хүндийн өргөлт, сонгомол бөх, байт харвааны тамирчдаа илгээсэн юм. Тодруулбал Монголын олимпын түүхэнд тухайн үедээ хамгийн олон төрөлд буюу 7 спортын төрөлд эрэгтэй 37, эмэгтэй 2 тамирчин ур чадвар, авьяас чадлаа сорин өрсөлдсөн байна. Мюнхений олимпын Монголын тугчаар чөлөөт бөхийн тамирчин Базаррагчаагийн Жамсран ажиллаж байжээ.
1972 оны Мюнхений олимпын наадамд Монголчууд өмнөх олимпуудаас олон буюу 39 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг мөнгөн медалийг хүртсэн байна. Өмнөх хоёр олимпын наадамд 20, 21 тамирчныг илгээж байсан бол энэ удаад илүү олон төрөлд олон тамирчид оролцсон нь туршлага болсон олимп байлаа.
Чөлөөт бөхийн төрөлд 48 кг-д Б.Жамсран, 52 кг-д Д.Ганбат, 57 кг-д М.Хойлогдорж, 62 кг-д З.Ойдов, 68 кг-д Ц.Нацагдорж, 74 кг-д Д.Сэрээтэр, 82 кг-д Т.Артаг, 90 кг-д Ж.Мөнхбат, -100 кг-д Х.Баянмөнх нар зодоглож, Д.Цэрэндаш, Б.Намжин, Д.Адьяатөмөр нар нөөц тамирчнаар явж байжээ.
20 дахь удаагийн зуны олимпод Монголын нэрийг өндөрт мандуулсан тамирчин Хорлоогийн Баянмөнх юм. 20-р зууны Монголын харьшгүй хүчит их аварга Х.Баянмөнх 1971 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, дараагийн жилдээ хүн төрөлхтний эв нэгдэл олимпын наадмаас мөн мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр 20 насандаа анх удаа Токиогийн олимпод оролцож, 24 насандаа Мехикогийн олимпийн наадамд хүч үзэж шагналт тавдугаар байранд шалгарч байсан бол гурав дахь удаагаа олимпын дэвжээнд хөл тавихдаа олимпын медальтан болж байлаа. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 10 удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн Даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх гуайн хувьд 1972 оны олимпын чөлөөт бөхийн -100 кг-ийн жинд хүч үзэж, Баруун Герман, Чехословак, Иран, Румын, Унгар улсын бөхчүүдийг удаа дараалан ялж, шийдвэрлэх барилдаанд ЗХУ-ын нэрт бөх, 1970 оны Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 1972 оны Европын аваргын алтан медальт тамирчин Иван Ярыгинтай учраа таарч ялагдсанаар мөнгөн медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулж байлаа. Энэхүү медаль нь Монгол улсын олимпын түүхэн дэх тав дахь медаль, хоёр дахь мөнгөн медаль болсон юм.
Олимпын наадмын талаар Х.Баянмөнх аварга дурсахдаа улс орнууд ард түмнийхээ бие бялдар, нийгмийнхээ харилцаа, дэлхийн соёлыг эзэмшиж байгаа байдал, авьяас тэсвэр хатуужил хурдан гавшгай, овсгоотой, эрдэмлэг байх, мөн шинжлэх ухааныг спортод хэрхэн нэвтрүүлж байгааг, улс орны эдийн засаг ямар түвшинд байгаа зэрэг их олон үзүүлэлтүүдийг олимпын наадам л харуулдаг. Монголын тамирчид олимпын наадамд олон жил тасралтгүй оролцож, тасралтгүй медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж байгаа хамгийн том гавьяатнууд юм шүү гэж хэлсэн байдаг.
Мюнхений олимпын наадамд нэгэн сэтгэл сэртхийлгэм үйл явдал болсон нь олимпын үеэр Палестины Хар есдүгээр сар бүлгийнхэн Израйлын багийн тамирчин, дасгалжуулагч, 11 хүнийг барьцаалж, улмаар бүгд амь үрэгдсэн юм. Тус наадмын үеэр Монгол тамирчдын байрласан байрны хажууханд буун дуу гарч, Израйлын тамирчдыг барьцаалсан явдал болж, манай тамирчид ч айж түгшиж байжээ. Улмаар нэг бүтэн өдөр шахам олимпын наадам саатаж байсан түүхтэй.
20 дахь удаагийн зуны олимпын байт харвааны төрөлд манай байтынхан анх удаагаа оролцсон. Байт харвааны төрөлд Галсангийн Бямбаа 2253 оноогоор 43 дугаар байрт шалгарч, эмэгтэй тамирчдаас Натжавын Дариймаа 2341 оноогоор 14-р байр, Должингийн Дэмбэрэл 2152 оноогоор 36-р байрт шалгарч байжээ.
Мюнхений олимпын боксын төрөлд 48 кг-д В.Батбаяр, 51 кг-д Н.Батсүрэн, 54 кг-д Б.Ганбат, 57 кг-д П.Баатар, 60 кг-д Х.Алтанхуяг, 63.5 кг-д С.Гомбо, 67 кг-д Д.Банди, 71 кг-д Н.Цэнд-Аюуш, 81 кг-д Г.Зориг нар оролцож, Монголын ширэн бээлийтнүүдийн түүхэнд анх удаагаа олимпын рингэнд гарсан тамирчдаар нэрлэгдсэн. Хэдийгээр манай тамирчид амжилт үзүүлж чадаагүй ч өөрсдийн биеэр олимпын уур амьсгалыг мэдэрч, туршлага хуримтуулснаар ирээдүй хойчдоо амжилт гаргах үндэсийг тавьж байлаа.
Цагаан өмсгөлтнүүдийн маань хувьд 1972 оны олимп анхны олимп болсон. Жүдо бөхийн тамирчдаас Д.Баатаржав хагас дунд жинд, Л.Рэнцэндорж үнэмлэхүй жинд, П.Дагвасүрэн хүнд жинд зодоглосон ч медальд хүрж чадаагүй юм. Хөнгөн жинд хүч сорьсон Бахааваагийн Буядаа 5 барилдаанд ялж, Японы Такао Кавагүчид хоёронтаа ялагдан мөнгөн медаль зүүсэн хэдий ч тэмцээний дараах допингийн шинжилгээгээр кофейн илэрч, медалиа хураалгасан байна.
Хүндийн өргөлтийн тамирчдаас 56 кг-ийн жинд Зулын Далхжав 15-р байр, Сияанямбуугийн Доржанд 17-р байрт шалгарч, 67,5 кг-д Раднаасэдийн Амгаасэд амжилт үзүүлж чадаагүй бол 75 кг-ийн жинд Нацагийн Сэр-Од 18-р байрт шалгарсан байна. Мюнхений олимп туйванчдын маань хувьд мөн анхны олимп болсон юм.
1972 ОН МЮНХЕНД МОНГОЛЧУУД
А
Админ
12 сарын 19