Францын Сенатын Санхүүгийн хорооноос ирэх жилийн олимп, паралимпийн наадмын төлбөрийн талаарх санал хураалтыг зарим төслүүдийг нийлүүлэх эсэх талаар санаа зовсны улмаас хойшлуулсан тухай мэдээлжээ. Тус хороо наадмын нийт зардал болон ажлын хуваарийн талаар "илүү нарийн мэдээлэл" авахыг хүсч байна гэж Францын “Le Monde” сонинд бичжээ. Тус хорооны гишүүн энэ асуудлын тусгай илтгэгч Эрик Жансаннетас Олимпын орднуудыг бэлэн болгох хуваарьт "эрсдэл" байгааг анхааруулав. Төсвийн баримт бичигт энэ онд орно гэж заасан тоног төхөөрөмжийг 2024 он хүртэл хойшлуулсан гэж тэрбээр хэллээ. Үүнд “Stade de France”, “Arena Porte de la Chapelle”, “Grand Palais”, Тамирчдын тосгон, Марсель дахь усан онгоцны зогсоол зэрэг газрууд багтжээ. Энэ саатал нь нэмэлт зардал болж болзошгүйг Францын хэвлэлүүд мэдээлж байна. Туялзуур сэлэм, таеквондогийн тэмцээн зохион байгуулах газар болох “Grand Palais”"их хэмжээний саатал" хүлээж байгаа бөгөөд "хамгийн их санаа зовоосон газар. Гэсэн хэдий ч засаг захиргаа бүх ажлыг наадам эхлэхээс өмнө хүлээлгэн өгөх ёстой" гэж Жансаннетас хэлжээ. Жансаннетасын хэлснээр аюулгүй байдал, тээвэр нь шийдвэрлэх шаардлагатай бусад салбар юм байна.
"Төрийн зүгээс дотоод аюулгүй байдлын хүчин, цагдаа, шуурхай нөөц, түүнчлэн цэргийн хүчийг дайчлах шаардлагатай болно. Тээврийн зардалтай холбоотой нийт зардал бас тодорхойгүй байна. Наадамд олгосон татвараас чөлөөлөх нь улсын төсөвт хэрхэн нөлөөлж байгаа талаар бүрэн дүгнэлт гаргаагүй байна. Бид 2024 оны олимпын наадмын бэлтгэл ажлаа дуусгах ёстой энэ үед эдгээр тодорхойгүй байдал үүсч байгаад харамсаж байна." гэжээ. Парисын олимп 2024 долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, дараа нь наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Паралимпийн наадам болох юм.