1996.04.16-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Одоо тусдаа гарч, гэр бүлийнхээ хүнтэй амьдарч байгаа. Манай гэр бүлд спортын хүн байдаг, урлагийн хүн бас байдаг. Эгч маань дуучин. Урлагийн хүн байдаг болохоор би өөрөө бүжигт дуртай болсон гэж боддог. Багадаа урлагийн үзлэгтээ анги хамт олноосоо идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Багадаа бүжигт дуртай болох сонирхлоо олсон юм болов уу гэж боддог.
Анх 2014 онд “Moon Dance” хамтлагтаа орж байсан. Тухайн үед манай хамтлагийн залуу намайг хамт хосын тэмцээнд оръё гэж урьж байсан. Клуб дээрээ очоод бүжгийн спортыг сурч, хамтдаа тэмцээнд ороод тэр цагаас хойш маш их урамшиж байсан. Манай хамтлагийн багш нар маань, хамтлагийн бусад бүжигчид, залуучууд маань маш гоё уриалгахан хүлээж авч байсан. Тэр үеэс хойш хамтлагаасаа гарна ч гэсэн бодол байхгүй, бүжгийн спортыг болъё ч гэсэн бодол ерөөсөө орж ирж байгаагүй. Чадахгүй үе гарсан ч хичээж, шантармаар үе гарсан ч аль болох тоохгүйгээр олон жил хичээж ирсэн байна. Анх хамтлагтаа орж байсан үеэ одоо эргээд бодоход их зоригтой алхам хийж байсан нь эргээд санагдаж байна.
Дэлхийн аваргын мөнгөн медалийг манай хамтлагийнхан маш их хүсэж, дотроо төсөөлж, маш их ярьдаг байсан. Ярьж байсан зүйлээ бодит болгоод мөнгөн медалийг хүртсэн тэр мөчийг үгээр хэлж чадахгүй л байна. Медаль хүртсэн үе их хүчтэй салют тэсэрч буй мэт тийм оргилуун үе байсан гэж бодож байна. Яг зүрх тэсэрч, дэлбэрэх гэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрч байсан. Маш их баяртай байгаа. Хамгийн байж болох дээд цэгтээ сэтгэл хөдлөл хүрсэн. Бэлтгэлийн үеэр бол хүндрэлтэй зүйлүүд мэдээж байдаг. Тэр хүндрэлтэй асуудлуудыг тоочоод байвал их юм болно. Олон хоног, олон цаг хугацааг өнгөрөөж бид нар энд ирсэн. Бүгдээрээ хамтдаа нэг, нэгнээ ойлгож, нэг нэгнийхээ болохгүй байгаа зүйлийг ойлголцож, бие биедээ хүндэтгэлтэй харьцаж байж, бэрхшээлтэй үеүдийг хамт давж гарч байсан. Тэр хугацаанд багийн ажиллагаа маш их хэрэгтэй болсон, тийм ч учраас манай хамтлагийнхан багаараа бэлтгэлийн явцыг, цагийг маш үр дүнтэй, зохион байгуулалт сайтайгаар өнгөрүүлж чадсан гэж боддог. Дэлхийн аваргын дараа медалиа зүүгээд Испаниар аялаад явж байхад ийм цаг хугацаа ховорхон тохиолдох байх, ийм аз завшаантай, нандин мөчөө сайхан амарч өнгөрүүлье гэж бодсон.
Эрэгтэй хүний биед орох боломж олдвол хамгийн түрүүнд эмэгтэй хүнийг тэвэрч үзмээр байна. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг яаж мэдэрдгийг мэдэхийг хүсэх байсан.
Өсвөр нас, багадаа Crush-лаж байсан хүн гэвэл Justin Bieber. Justin Bieber-ийн нэг дууг сонсохоор л бага насны бүх л дурсамжууд орж ирдэг. Би Justin Bieber-ийг сонсох маш их дуртай, одоо ч байнга сонсдог. Шүтдэг шүү.
Мууранд их дуртай. Багадаа мууртай их ойр өссөн болохоор хайртай байдаг. Одоо гоё хөөрхөн мууртай болоод тэжээнэ гэж боддог.
Эрэгтэй хүн хайрлаж байгаа хүнээ гоё байлгахыг хүсдэг байх ёстой. Хайр минь намайг гоё бай гэж дандаа хэлдэг. Хэхэ. Бас гоё харагдуулахын тулд гоё, гоё зүйлс сонгож өгдөг. Бас гутарсан үед хамгийн сайнаар сэтгэлийг минь өргөж өгч, урам өгч чаддаг. Бид хоёр үргэлж цагийг хамт өнгөрөөдөг учраас бие, биеэ маш сайн ойлгодог. Хамтдаа энэ хүртэл хүндрэлтэй асуудлыг давахын тулд бид хоёр маш их ярилцдаг. Болохгүй байгаа асуудал дээрээ нухацтай гэгч нь ярилцаад, сайн үр дүн гаргадаг даа.
Гаргасан хамгийн том амжилт бол дэлхийн аваргын энэ удаагийн мөнгөн медаль, дэлхийн дэд аварга болсон минь байна. Энэ олон жилийн дараа зорьсон зорилго, боддог байсан зүйлдээ хүрэх шиг том амжилт байхгүй шүү дээ. Бүжгээр хичээллэсэн дээ би өөрийгөө азтай гэж боддог. Цаашдаа бас олон, олон зорилго бий. Одоо ажилдаа шаргуу орж, бүх ажлаа гялалзуулах болно.
Эргэн тойрны хүмүүсээсээ нэг хүний бодлыг унших боломж гарах байсан бол хэний бодлыг унших вэ гэсэн асуултын тухайд надад ерөөсөө тийм бодол орж ирж байгаагүй юм байна. Угаасаа тийм зүйл байхгүй болохоор зүгээрээ кк. Хүн намайг юу гэж бодох нь хамаагүй. Би өөрөө, өөртөө дажгүй гэж бодогдож байвал болох нь тэр.
Одоогоор чөлөөт цагаараа дуулах их сонирхолтой болоод байгаа. Энийгээ бас хөгжүүлнэ гэж бодож байгаа.