1984 онд Ховд аймагт төрсөн. Бага нас Ховд аймагт бусдын л адил өнгөрсөн. Яг одоо эхнэр, ээж болон 6 хүүхдийн хамт амьдарч байгаа. Миний удамд спортын хүн гэхээсээ илүү сургийг нь дуулахад их мундаг бяртай Урианхай хүн байсан гэдэг. Тэр хүний өргөсөн чулууг одоо ч өөр хүмүүс газраас хөндийрүүлж чаддаггүй гэсэн.
Фитнесийн спортыг 2007 оноос сонирхож эхэлсэн. Сонирхож эхэлсэн шалтгаан нь тухайн үед би 23 настай аав болж байсан. Гэхдээ 52 кг жинтэй 158 өндөртэй их жижигхэн биетэй аав байна гэдэг нь их хэцүү байсан учраас Фитнесийн спортоор хичээллэж эхэлсэн. Миний хувьд энэхүү спортоор хичээллэхийн давуу тал нь цагийг маш зөв боловсон өнгөрөөх, бясалгал хийж байгаа мэт мэдрэмж авч зөвхөн өөр өөртэйгөө тэмцэх, ямар ч ажил бодохгүй стресстэхгүй байх, маш их хөдөлгөөн хийж байгаа учир бодисын солилцоо илүү явагддаг гэх мэт зүйлсийг гэж боддог.
Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ байх дуртай. Фитнесийн спортоос гадна өөр тийм дуртай хичээллэдэг спорт байхгүй харин хөгжим илүү таалагддаг. Дэлхийн сонгодог хөгжмүүдэд маш их дуртай мөн өөрөө бага зэрэг хөгжим оролддог, хөгжим тоглох дуртай учраас нот унших ч юм уу гам хийх дуртай.
Миний амьдралдаа хийсэн сонголтууд ихэнх нь зөв байдаг. Би өөрөө хэдий сэтгэл хөдлөл ихтэй хүн ч гэсэн тэр мэдрэмжээрээ шууд сонголт хийж хамхуул шиг энд тэнд яваад байдаггүй. Энэ бүхэнд миний сонголтууд оршиж байдаг. Харин энэ бүх сонголтуудаас хамгийн зөв нь эхнэрээ зөв сонгосон минь. Хань ижил маань үргэлж ард дэмжиж чи чадна аа гэж байдаг учраас би урагшилдаг байх гэж боддог.
Үр хүүхдээ өвдөж зовох вий гэхээс л хамгийн их айдаг.
Миний хамгийн дуртай хоол ногоотой шөл. Багаасаа шинэхэн ногооны амт, ховдын шар төмсний исгэлэн амтанд дуртай байсан. Харин тэмцээний бэлтгэлтэй үед амьтны гаралтай уургаа үхрийн мах, тахианы цээж махнаас, ургамлын гаралтай уургаа хааяа уудаг уураг болон ногооноос, нүүрсээ овьёос, цагаан болон бор будаанаас авдаг.
Монгол улсын 7 удаагийн аварга, Дэлхий болон Азийн аваргын хүрэл медальтай. Биеийн тамирын тэргүүний ажилтан гэх цолтой. Цаашдын зорилго : Их олон тэмцээнд орохгүй ч өөрийн бие бялдраа хадгалахын тулд хичээж бэлтгэлээ хийнэ. Үүнээс гадна нийтийн биеийн тамир руу чиглэсэн маш их ажил хийнэ. Яагаад гэвэл Монгол улс дэлхийд өвчлөл болон хавдраараа тэргүүлж байна. Үүнийг өөрийнхөө чадах зүйл буюу спорт болон хооллолтоор жаахан ч гэсэн багасгахыг хичээнэ.
Миний амьдралдаа үлгэр жишээ авдаг хүн бол Л. Түдэв. Тэр хүний ертөнцийг харах өнцөг, амьдралыг үзэх үзэл бодол зэргийг би хайрлаж хүндэлж харж явдаг. Магадгүй бид 1993 онд тэр хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгосон бол өнөөдөр Монголчууд жинхэнэ Азийн бар улс болж чадах байсан байх. Мөн Ц. Лоохууз гуайг маш их хайрлаж хүндэлж явдаг. Хэцүү цаг үе, зовлон дундаас гарч ирсэн хөдөлмөрч мундаг өвгөдөөсөө маш их урам зориг авдаг.
Залуу байхдаа сэтгэлээр унасан үедээ шууд илэрхийлэх ч юм уу бухимддаг байсан бол одоо яг юу миний сэтгэлийг өвтгөж байна гэдгийг учир шалтгааныг нь хайж хэрвээ би шийдэж чадах асуудал байвал угаасаа шийдэх зүйл дээр сэтгэлээр унах шаардлагагүй эсвэл шийдэж чадахгүй асуудал байвал нэгэнтээ чадахгүй юм бол сэтгэлээр унах шаардлага юу байна гэж боддог болсон. Ийм бодолтой болохоор юманд санаа зовох, сэтгэлээр унах зэрэг асуудлууд байхаа больсон.