Кайри Ирвинг 2017 оны NBA-ийн финалд Голден Стэйт Уарриорс багтай тоглосоноосоо хойш энэ жил дахин Даллас Маверикс багийн хамтаар финалд шалгарсан. Үүнтэй холбоотойгоор түүний хуучин багийн анд Леброн Жэймс түүнээр бахархаж бас маш их санаж байгаагаа илэрхийлжээ. Өчигдөр цацагдсан “Mind the Game” нэртэй Ж.Ж.Редиктэй хамт хийдэг подкаст дээрээ энэ талаар ам нээсэн байна.
Леброн Жэймс: "Би түүний амжилтаа үргэлжлүүлж явааг харахад үнэхээр баяртай бас бахархаж байна. Заримдаа түүний хамтрагч байхаа больсондоо уур минь хүрдэг” гэжээ.
Жеймс, Ирвинг нар 2014 оноос 2017 он хүртэл Кливленд Кавальерс багт хамт тоглож, гурван улирал дараалан финалд шалгарч, 2016 онд аварга болж тус хотод аваргын цом авчирч байсан түүхтэй. Мөн Ирвинг цувралыг шийдвэрлэх долоо дахь тоглолтын эцсийн мөчид “Клатч” гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, улмаар хүчирхэг Голден Стэйт Уарриорсыг хожсон юм.
Леброн Жеймс "Би тэр үеийг маш их санаж байна" хэмээн хэлсэн юм.