MSports logo
ЭМИ ПИТЕРС ӨНГӨРСӨН ОНД ТАРХИНДАА БЭРТЭЛ АВСНААС ХОЙШ АНХ УДАА ХӨЛ ДЭЭРЭЭ АЛХЛАА
  • А
    Админ

    10 сарын 25

  • ЭМИ ПИТЕРС ӨНГӨРСӨН ОНД ТАРХИНДАА БЭРТЭЛ АВСНААС ХОЙШ АНХ УДАА ХӨЛ ДЭЭРЭЭ АЛХЛАА

    Дэлхийн гурван удаагийн аварга, Нидерланд улсын дугуйн спортын тамирчин Эми Питерс, өнгөрсөн оны 12 дугаар сард Испани улсын Аликанте хотод бэлтгэл хийж байх үедээ тархиндаа маш хүнд бэртэл авсан билээ. Тэрбээр тархины гэмтлээс болж таван сар орчим комын байдалтай ухаангүй байсан ба энэ оны дөрөвдүгээр сард хагалгаанд орсны дараа ухаан орсон юм. Эми Питерс одоогоор Нидерланд улсын нөхөн сэргээх төвд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд гэмтлээсээ хойш анх удаа хөл дээрээ алхсан байна. Эми Питерсийг хүний тусламжтай бага багаар алхаж байгааг 10 дугаар сарын 25нд цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн нь түүний төлөө залбирч байгаа олон мянган хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан мэдээ байсан билээ. Гэвч Эми Питерс өнгөрсөн онд бэртэл авснаас хойш ярьж чадахгүй хэвээр байгаа юм.

    “Эми Питерсийн хувьд ярьж эхлэхэд хараахан бэлэн болоогүй байна. Ярьж чадахгүй байгаа нь өөрийгөө илэрхийлэхэд бэрхшээлтэй болгож байна. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа нь түүнд болон бидэнд маш хүндээр тусдаг” хэмээн түүний ойр дотнын хүмүүс нь хэлсэн байна. Өдгөө 31 настай Нидерландын дугуйн тамирчин, 2021 оны эхээр Нидерландын гадна уралдааны үндэсний аварга болон Нокере Коерсе уралдаануудын аваргаар тодорсон юм. Мөн Кристен Уайлдын хамтаар заалны уралдааны Мадисоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, гурав дахь жилдээ дараалан дугуйн спортын “Women’s Tour” тэмцээний хоёрдугаар шатанд түрүүлж, замналынхаа оргил жилүүдийн нэгийг өнгөрүүлж байсан ч харамсалтайгаар бэртсэн билээ.

     

    Э.Мандалбаяр