MSports logo
МОНГОЛ УЛС БУУДЛАГЫН ДАШТ-ЭЭС ТҮҮХЭНДЭЭ ТАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 24

  • МОНГОЛ УЛС БУУДЛАГЫН ДАШТ-ЭЭС ТҮҮХЭНДЭЭ ТАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

    Египет улсын нийслэл Кайр хотод зохион байгуулагдаж байгаа Буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний, гар бууны 50м холимог багийн дасгалд, Монгол улсыг төлөөлөн оролцсон ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртлээ. Энэхүү дасгалын төрөлд 12 шилдэг баг оролцсон бөгөөд манай улсын хоёр баг тус төрөлд оролцсон бөгөөд, Монгол улсын нөгөө баг болох ОУХМ Э.Хишигдэлгэр, О.Төгөлдөр нар эхний шатанд 515 оноо авч долоодугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Харин ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нарын баг эхний шатанд 539 оноо авч, чансааны хоёрт эрэмбэлэгдэж шигшээ буудлагад шалгарсан. Шигшээ шатанд, БНХАУ-ын багтай өрсөлдөж 9:17 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү гар бууны 50м холимог багийн дасгалд БНХАУ аваргын алтан медаль хүртэж, Монгол улсын баг мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын хоёрдугаар баг болон Польш улсын багууд хүрэл медалийг хүртсэн байна.

    Монгол Улсын баг тамирчид Буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх 1998 онд МУГТ Д.Мөнхбаяр алтан медаль хүртэж, ийнхүү түүнээс хойш тав дахь Дэлхийн аваргын медалиа хүртэж байна. Энэхүү тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ангилалд Парис 2024 олимпын оролцох тус бүр дөрвөн төрлийн 32 эрх олгож байгаа ч Монгол улсын баг медаль хүртсэн дасгалын төрөл нь олимпын эрх олгох төрөл биш байсан юм. Монгол Буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 12-оос эхэлж, өнөөдөр 300м стандарт урт бууны төрлөөр үргэлжилж байна. Тэмцээн 10 дугаар сарын 27нд урт бууны 300м холимог багийн дасгалаар өндөрлөх юм. Үлдсэн дасгалын төрлүүдэд Монгол Улсаас тамирчин оролцоогүй билээ.

     

    Э.Мандалбаяр