MSports logo
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ӨНӨӨДӨР ХУВЦАС ХЭРЭГЛЭЛЭЭ ГАРДАН АВЛАА
  • А
    Админ

    10 сарын 25

  • ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ӨНӨӨДӨР ХУВЦАС ХЭРЭГЛЭЛЭЭ ГАРДАН АВЛАА

    Дэлхийн спортын томоохон тэмцээнүүдийн төв нийслэл болоод байгаа Арабын хойг дахь АНЭУ-ын Абу Даби хотноо жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогддог. Шагналын сан, оролцогчдын хамрах хүрээний хувьд хамгийн томд тооцогддог жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ удаад манай улсаас 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэйгээр баг тамирчид оролцох гэж байна. Жюү жицүгийн спорт нь нас, бүсний хувьд бусад спортуудтай харьцуулахад ангилал маш олон байдаг учраас хичээллэгсдэд амжилтаа ахиулах, өөрийгөө сориход шударга өрсөлдөөнийг бий болгодог. 

    АНЭУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч бүсгүй ангилал өсвөр үе, 16 хүртэл, 18 хүртэл, 21 нас хүртэл гэх мэт олон насны ангилалд зохиогдоно. Бүсгүй ангилалын тэмцээнүүд эхэлж зохиогдох бол жюү жицү world pro буюу бүстэй ангилалын тэмцээнүүд 11-р сарын 10-аас эхлэн зохиогдох болно. Тэмцээнд оролцох Монголын тамирчид өнөөдөр МҮОХ-ны байранд хуран чуулж, хувцас хэрэглэлээ гардан авсан юм.

     
    Монголын жюү жицүгийн холбооны хувьд энэ жил 15 жилийн ойтойгоо золгоод байгаа бөгөөд ойн хүрээнд олон арга хэмжээ, үйл ажиллаагаа зохион байгуулагдаж байгаагийн дунд тамирчдын олон улсын тэмцээний идэвхийг нэмэхэд онцгой анхааран ажиллаж байна. 15 жилийн хугацаанд Монголд жюү жицүгийн олон клуб, академууд бий болж байгаа бөгөөд хөдөө орон нутгуудад ч салбар холбоод олширч, энэ спортыг сонгон, дурлан хичээллэгсдийн тоо өдрөөс, өдөрт нэмэгдэж, тэр хэрээрээ өрсөлдөөн ч маш ширүүсч байгаа гэж хэлж болно.

    2022 оны Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид хилийн чанадад олон тэмцээнд оролцсоны дунд БНСУ-д амжилт, медалийн богц арвин байсан. Энэ жилийн тэмцээний хуваарьт багтсан хамгийн өндөр чансаатай том тэмцээн болох жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 сард АНЭУ-д зохиогдох гэж байгаатай холбогдуулан манай улсаас нас, нас, ангилалуудад өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, Монгол тамирчдын ур чадварыг дэлхийн аваргын дэвжээнд харуулахаар зорилт тавин хүлгийн жолоо залах гэж байна. Баг тамирчдын түрүүч маргааш буюу 10-р сарын 27-ны өдөр АНЭУ-ыг зорих гэж байна.  Дашрамд сонирхуулахад, манай улсаас дэлхийн чансаагаар 4 болон 6-д эрэмблэгдэн Эрдэнэбаатар, Ариунцог нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох юм.

    Н.Бэлгүүн