MSports logo
МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ОЮУНЫ СПОРТООР ДЭЛХИЙД ДАХИН НЭГ УДАА ГАЙХАГДЛАА
  • А
    Админ

    11 сарын 9

  • МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ОЮУНЫ СПОРТООР ДЭЛХИЙД ДАХИН НЭГ УДАА ГАЙХАГДЛАА

    Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 29-нөөс, 11 дүгээр сарын 6-ныг хүртэл Турк улсын нийслэл Анталиа хотод зохиогдсон билээ. Энэхүү тэмцээнд 19-н орны, 200 гаруй тамирчин үндсэн, рапид, блиц гэсэн гурван төрлөөр, эрэгтэй, эмэгтэй нийт 30 өөр насны ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээнд Монгол улсаас 30 тамирчин өрсөлдөж, 16 алт, найман мөнгө, найман хүрэл, нийт 32 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Тус тэмцээнд өндөр амжилт байгуулсан баг тамирчдын төлөөллийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзаж, Жуух бичиг гардуулав. Энэ арга хэмжээний үеэр Биеийн тамир спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан “ДАШТ-д өндөр зохион байгуулалттай оролцож, бахдам амжилт гаргасан баг тамирчдад талархал илэрхийлье. Цаашдын тэмцээн уралдаандаа энэ амжилтаа бататгаарай хэмээн ерөөж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье” гэв. Д.Жаргалсайхан дарга тэмцээний хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд оролцсон Д.Ангараг, охидын 14-16 насны ангилалд оролцсон Н.Лхагвадолгор нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр урамшууллаа. Д.Ангараг нь ДАШТ-ий блиц, рапид төрөлд алт, үндсэн төрөлд хүрэл медаль хүртсэн бол Н.Лхагвадолгор үндсэн болон рапид, блиц төрөлд аваргалсан юм.

     

    Э.Мандалбаяр