MSports logo
"IHC" БАГ "CS GO" ТОГЛООМЫН ДАШТ-Д 12 ДУГААР БАЙР ЭЗЭЛЖ 10 МЯНГАН ДОЛЛАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 2

  • "IHC" БАГ "CS GO" ТОГЛООМЫН ДАШТ-Д 12 ДУГААР БАЙР ЭЗЭЛЖ 10 МЯНГАН ДОЛЛАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

    Цахим спортын “CS GO” тоглоомын Дэлхийн аварга шалгаруулах “Rio Major 2022” тэмцээн Бразил улсын Рио де Жанейро хотод энэ сарын нэгнээс эхлэн зохиогдсон билээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсын “IHC” баг Ази, Номхон далайн бүсийг төлөөлөн оролцсон юм. “IHC” багийн хувьд энэ тэмцээний Челенжер шатанд, “Contender” статустай оролцож нэг хожил, гурван хожигдолтой гэсэн үзүүлэлттэй тэмцээнээ өндөрлүүллээ. Эхний өдөр Америк тивийн сонгон шалгаруулалтаас гарч ирсэн “Evil Geniuses” багтай анхны тоглолтоо хийж 9:16 харьцаатай ялагдал хүлээж, хоёрдугаар шатанд Дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж байгаа, Оросын “Outsiders” багтай тоглож 12:16-аар ялагдсан. Ийнхүү тэмцээний хоёр дахь өдрөөс хожигдох эрхгүй тоглолтуудыг хийж эхэлсэн юм. Гуравдугаар тойрогт Дэлхийн чансааны 27, нутгийн баг болох “00 Nation” багтай тэмцээнд үлдэхийн төлөө, хариуцлагатай гурван цуврал тоглолтыг хийсэн. Цувралын эхний тоглолтод Бразил улсын “00 Nation” баг 16:14 харьцаатай ялалт байгуулж, ахиад ганц цуврал хожвол “IHC”-г тэмцээнээ хасах боломжтой болж, манай багийг тун хэцүү нөхцөл байдалд оруулсан. Гэвч “IHC” цувралын үлдсэн хоёр тоглолтод хоёуланд нь нэмэлт цаг гаргаж 19:16, 19:16-ын харьцаатай ялж, “00 Nation” багийг 5 мянган хөгжөөн дэмжигчийнх нь өмнө тэмцээнээс хассан билээ.

    Харин өчигдөр буюу 10 дугаар сарын 2-ын өдөр дөрөв дэх тойргийн тоглолтод, Европ тивийн шилдэг багуудын нэг, Дэлхийн чансааны номер 14, “OG”-тэй учраа таарч 11:16, 14:16 харьцаатай хоёр цуврал дараалан ялагдаж, улмаар тэмцээнээс өндөрлүүлсэн байна. Ийнхүү нийт 1 сая, 250 мянган долларын шагналын сантай тус тэмцээнд Монгол Улсын “IHC” баг 12 дугаар байр эзэлж, 10 мянган долларын шагнал хүртсэн билээ. "IHC" багийн хувьд  энэ оны тавдугаар сард Монгол улсаас анх удаа "CS GO" тоглоомын ДАШТ-д оролцох эрхийг авч, Бельги улсыг зорьж байсан. Одоогийн байдлаар “IHC” Ази тивийн чансааны нэгт, Дэлхийн чансааны 47-д эрэмбэлэгдэж байна.

     

    Э.Мандалбаяр