MSports logo
10м-ийн спорт гар бууний төрөлд манай баг 12-р байр эзэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 28

  • 10м-ийн спорт гар бууний төрөлд манай баг 12-р байр эзэллээ

    “Ханжоу-2022” Азийн наадамд Монголын багийн медалийн салхийг хагалсан мэргэн буудагчдаас өнөөдөр эрэгтэй гар буучдын Азийн наадмын сүүлийн тэмцээн хийн гар бууны 10м-ийн дасгалд манай улсыг ОУХМ Энхтайваны Даваахүү, Пүрэвдоржийн Тэргэл, Оюуны Төгөлдөр нар төлөөлж Ханжоугийн тирийн галын цэг дээр зогслоо. 

    10м-ийн спорт гар бууны хувьд 56 тамирчин урьдчилсан шатанд нийт 60 сум буудаж шилдэг 8-д багтан шигшээд буудах эрхийн төлөө өрсөлдөхийн зэрэгцээ 3 тамирчны нийлбэр оноогоор багийн дүнгээр мөн медальт байр шалгаруулдаг.  

    Урьдчилсан шатанд манай багаас ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор  21-р байр, П.Тэргэл 565 оноогоор 37-р байр, О.Төгөлдөр 559 оноогоор 50-р байр тус тус эзэлж Азийн наадмаа өндөрлүүллээ. Нийлбэр дүнгээр манай баг 12-р байр эзэллээ. 

    Урьдчилсан буудлагыг Азербайжаны Бакуд зохион байгуулагдсан 2023 оны ДАШТ-ий энэ зайн аварга БНХАУ-ын Жан Боуэн тэргүүлж шигшээд шалгарсан бол нийлбэр дүнгээр Энэтхэгийн баг эзэн орны тамирчдыг ердөө ганцхан онооны зөрүүгээр илүүрхэн, 2023 оны ДАШТ-д ялагдаж хүрэл медаль дээр буусан хариугаа нутагт нь авч Азийн наадмын аварга боллоо.  

    Маргааш манай эмэгтэй гар буучид 10м-ийн багийн болон ганцаарчилсан төрөлд цэц сорих бол 9-р сарын 30-ны өдөр манай тамирчдаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин улсаа төлөөлөн 10м-ийн хийн гар бууны холимог багийн төрөлд өрсөлдөж Азийн наадмын буудлагын тэмцээн өндөрлөнө.

    Бичвэрийг Ч.Баатарзориг 

    Гэрэл зургийг Ч.ГАНБОЛД Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover