MSports logo
ОРОС, ЭНЭТХЭГ ХОЁР СПОРТОД "НАЙДВАРТАЙ ТҮНШ ХЭВЭЭР БАЙНА" ГЭЖ ОРОСЫН СПОРТЫН САЙД МЭДЭГДЛЭЭ
  • А
    Админ

    6 сарын 23

  • ОРОС, ЭНЭТХЭГ ХОЁР СПОРТОД "НАЙДВАРТАЙ ТҮНШ ХЭВЭЭР БАЙНА" ГЭЖ ОРОСЫН СПОРТЫН САЙД МЭДЭГДЛЭЭ

    ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин Энэтхэгийн спортын сайд Анураг Такуртай уулзсаныхаа дараа манай улс Энэтхэгтэй "найдвартай түнш хэвээр байх болно" гэж мэдэгдлээ. Матыцин Спорт дахь допингийн эсрэг олон улсын конвенцийн талуудын бага хурлын наймдугаар хуралдаанд оролцохоор Энэтхэгийн нийслэл Шинэ Делид хүрэлцэн ирснийхээ дараа Орос, Энэтхэгийн спортын харилцааны талаар ярилцахаар Такуртай уулзсан байна. Олон улсын холбоод Украинд үргэлжилж буй дайны хариуд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авснаар Орос улс спортын ертөнцийн гадаа харилцаа хаагдмал болсон.  Украйны түрэмгийллийг олон нийт буруушааж байсан ч Энэтхэг Оростой олон жилийн нягт харилцаагаа хадгалсаар ирсэн.

    Өнгөрсөн долоо хоногт Орос, Энэтхэгийн төлөөлөгчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын эвслийн уулзалтад оролцохоор Шинэ Дели хотод очсон юм. Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр, Матыцин, Такур нар хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. "Спорт нь уламжлал ёсоор бүх дэлхийн ард түмнийг нэгтгэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь улс төрийн тоглоомын сэдэв болж болохгүй. ОХУ-ыг дэлхийн спортын хөдөлгөөнөөс тусгаарлах оролдлого хийсэн ч Орос, Энэтхэг хоёр найдвартай түнш хэвээр байх болно гэдэгт би итгэлтэй байна." гэж Матыцин хэлжээ.  Матыцин мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад “Хамтарсан спортын арга хэмжээг бэлтгэх, зохион байгуулах ажлыг зохицуулах” ажлын хэсэг байгуулах саналын талаар ярилаа. ОХУ-ын албаны хүн хэлэхдээ, тус байгууллага мөн "том тэмцээнүүдийг зохион байгуулах туршлагаа хуваалцах, олон улсын талбайд спортын улстөржилтийг хамтран эсэргүүцэх" боломжийг олгоно гэжээ.

     

    Н.Бэлгүүн