1999.11.08-нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. Аав, ээж, ах, эгчтэй. Ам бүл тав. Бага байхдаа их хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхэд байсан. Улаанбаатар хотод 3 настай байхдаа ирсэн. Манай гэр бүлд спортын хүн байхгүй. Одоо бол намайг хөлбөмбөгөөр хичээллэж, тэмцээнд оролцоход манай гэр бүл маш их дэмжиж, сайн оролцоорой гэж урам зориг өгдөг.
Манай төрсөн ах Б.Бадрах хөлбөмбөг тоглодог байсан. Ахыг хөлбөмбөг тоглоход дагаж сургуульдаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Бүр бага байхаасаа тоглосон. 10 жилээ Толгойтод байрлах Ерөнхий Боловсролын 65-р сургуулийг төгссөн. 2010 онд 11 настай байхдаа “Хоромхон” клубт албан ёсоор хөлбөмбөгийн клубт хичээллэж эхэлсэн. Дуулиан-2020 тэмцээнд манай сургууль 28-р сургуультай тоглосон. Тухайн үед 28-р сургуулийн багш нь Хоромхон клубын багш Гансүх дасгалжуулагч маань байсан. Миний тоглолтыг хараад намайг багтаа урьж байсан. Хоромхон клубтээ 7 жил тоглосон.
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт 2017 онд анх дуудагдсан. Анх шигшээ багтаа сонгогдож, дуудагдах үед маш их баярлаж, догдлосон. Анхны бэлтгэл дээрээ их сандарч байсан, одоо бодоход их гоё нандин дурсамж минь. Шигшээ багийн олон тоглолтонд оролцсон. Хамгийн дурсамжтай нь анх Японы шигшээ багийн эсрэг 2019 онд Сайтама цэнгэлдэх хүрээлэнд тоглосон үе. 2018 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Гуамын эсрэг хийсэн тоглолтонд Цэдэнбал ах сүүлийн минутанд тэнцээний гоолыг хийсэн байсан тэр тоглолт маш гоё санагддаг. Бид нэг баг учраас улсаа төлөөлж тэмцээнд багаараа оролцоход тамирчин болсноороо хамгийн их бахархаж, хөлбөмбөгийн спортын сонгосондоо баярлаж, зөв шийдвэр гаргасан гэдгээ мэдэрдэг.
Монголын шигшээ баг түүхэндээ анх удаагаа Европын багийн эсрэг тоглох бүрэлдэхүүнд дуудагдахад Гүржид ирэхээс өмнө аймар их баярлаж байсан. Маш их хичээх хэрэгтэй гэж бодож байсан. Энэ тоглолтонд зориулж өөрийгөө маш их бэлдсэн. Европын багийн эсрэг тоглоход яг л төсөөлсөн шиг ур чадвар өндөр, хурдтай, хүчтэй байсан. Гэхдээ бид тоглож болох юм байна гэж бодсон. Гүржийн эсрэг гоол оруулах юмсан гэж маш их бодож байсан. Хүссэн зорилгодоо хүрч, гоол оруулах үедээ Б.Гансүх багшдаа зориулж гоолын “celebration” хийхийг хүссэн. Тэрэндээ ч хүрч чадсан. Мөрөөдөл биеллээ олсон. Тоглолтын дараа буудалдаа эргэж ирээд гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихад ээж маш их баярласан. Би өөрөө сэтгэл хөдлөсөн их хөдөлсөн байсан учраас гэрийнхэндээ их зүйл хэлж чадаагүй. Гэр бүлийнхэн баяр хүргэе, мундаг байсан шүү, бахархаж байна гэх мэт олон зүйлийг нүдэндээ нулимастай хэлсэн. Тэрийг нь харахад маш их сэтгэл хөдлөсөн.
Ээжийнхээ хийсэн хоолонд дуртай. Яг нэр заасан хоол байхгүй. Амттай хоолонд л дуртай.
Чөлөөт цагаараа Дота-2 тоглох дуртай. Найзуудтайгаа уулзаж цагийг өнгөрөөх дуртай. Бас Аниме үзэх дуртай.
Даруухан, гоё инээмсэглэдэг, гоё нүдтэй эмэгтэй хүн таалагддаг. Найз охин байхгүй
Дуртай кино “Game of Thrones”, “The Myth” гэдэг кинонуудад дуртай. Game of Thrones-ийн хувьд бүх үйл явдал нь сэтгэлд нийцсэн, анги болгон нь догдлуулдаг, чанартай хийгдсэн кино гэж боддог. Луутай хэсгүүд нь бүр илүү үзэх шалтгаан болсон. Хамгийн дүр гэвэл “Arya”. “The Myth” кинонд Jackie Chan тоглосон. Эмэгтэй дүр нь аль дээр үеэсээ залуудаа хайртай байдаг. Цаг хугацаа өнгөрсөн ч марталгүй, буцаж ирэхийг нь хүлээсэн домгийн кино учраас дуртай. Олон зуун жилийн дараа ч гэсэн уулзаж байгаа тэр түүх домог нь таалагдсан.
Superpower-тай болох боломж байх байсан нисдэг юмуу далай доор удаан хугацаагаар сэлж чаддаг болохыг хүсэх байсан. Яагаад гэвэл далай доорх амьдралыг таниж мэдэж, судлахыг хүсдэг. Нисэх нь болох эрх чөлөөтэй санагдах учраас.
Зүүн Азийн эхний шатанд түрүүлж, мэргэн бууч болсон. ДАШТ-ийн урьдчилсан шатны 2-р шатанд шалгарсан. Европын багийн эсрэг анх удаа гоол оруулсан. Дээд лигийн хувьд 3 мөнгө, 1 хүрэл медальтай. Одоо Моби дээд лигт ФС Улаанбаатар клубт тоглож байгаа. Цаашид лигтээ түрүүлэх, AFC CUP тэмцээний хэсгийн шатыг давах зорилгуудыг өмнөө тавьсан.
Сэтгэлээр унасан үедээ ганцаараа байж, дуу сонсох дуртай. Алхах бас дуртай. Өөрөө өөртөө юм бодож, өөрөө өөртэйгөө ярилцах дуртай. Дуртай дуучин бол “Lana Del Ray. Миний хувьд зөөлөн удаан хэмнэлтэй дуунуудад дуртай.