1990 онд Дундговь аймагт төрсөн. Дундговийн Гурвансайхан сумын Их газрын чулууны энгэрт өссөн. Манай аав залуудаа аймаг сумд чөлөөт, жүдо, үндэсний бөхөөр барилддаг хүн байсан. Төрсөн ах маань жүдо бөхийн тамирчин, холимог тулааны шилдэг тамирчин Монгол Улсын аварга Хүүхэнхүүгийн Амартүвшин гэдэг хүн байдаг.Би бага насаа хөдөө өнгөрөөсөн. Өвөл зунгүй л мал дээр хөдөө ихэвчлэн байдаг байсан. Бусад хүүхдүүдийг бодвол том биетэй гүйж харайдаг спортлог хүүхэд байсан. Мөн хүүхэд байхдаа жүдогоор хичээллэж байсан.
Холимог тулааныг сонгож хичээллэх болсон шалтгаан гэвэл эхлээд холимог тулаан гэхээсээ илүү тулааны спортыг сонирхож хичээллэж эхэлсэн. 2000 оны эхээр “K1 World Max” гээд кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай багш Жадамбын Нарантунгалаг гавьяат шилдэг наймд шалгарч байсан тулааныг анх үзсэн. Боксын спортоос илүү дөрвөн мөчөөрөө өшиглөдөг, цохидог, өвдгөлдөг техникүүдийг үзээд надад таалагдаж сонирхож эхэлсэн. Манай ах Хүүхэнхүүгийн Амартүвшин 2007 онд Хүчтэн клубт дагуулж очиж Нарантунгалаг багш дээр шавь оруулж байсан. Холимог тулааны спортод орсон түүх маань ийм. Би ер нь л барилдаантай тулааны спортод дуртай байсан. Байлдааны самбо, кудо зэрэг олон төрлийг сонирхсон. Холимог тулаанд бол 2021 оноос эхлэн тэмцээнд орж эхэлсэн.
Ойрын хугацаанд оролцох тулаан APFC буюу Anthony Pettis Fighting Championship гэдэг мэргэжлийн тулаанчдын лигт тулалдах ажил явагдаж байна. Албан ёсны тов гараагүй байна. Өрсөлдөгчөө хүлээж байгаа. Бэлтгэлээ АНУ-ын Чикаго хотод “MidWest Training Center”-т MPC гээд клубт хийж байгаа. Өглөөний дасгалыг хөнгөн 1 цагийн бэлтгэл хийгээд орой нь нэгдсэн бэлтгэлд хамрагддаг.
Амьдралд баримталдаг миний зарчим гэвэл тууштай байх, шударга байх. Ялангуяа бэлтгэл сургуулилтын цагаа баримталж олдсон цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл аав, ахаасаа болон багшаасаа үлгэр дуурайлал авдаг.
Супер хүчтэй болох боломжтой байсан бол цаг хугацааг ухраадаг болохыг хүсэж байна. Алдаа гаргаж байсан бол тэр зүйлсээ засаж залруулах боломжтой болох учраас.
Монгол хоолонд махтай хоолонд дуртай. Надад зориулж хийсэн хоол бүхэн сайхан байдаг.
Арван жилээ Говьсүмбэр аймагт төгссөн. 2012 онд Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд Сургууль төгссөн. 2022 онд Шихи Хутаг Их Сургуулийг Эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тулааны спортоос гадна англи хэлээ сайжруулахаар судалж байгаа мөн өөрийн гэсэн тураах хувцасны брэндтэй /хөлөргөдөг хувцас / загвар оёдол эсгүүр гэх мэт хөгжүүлэлтүүдийг хийгээд явж байгаа.
Анх спортоор хичээллэж эхлээд 2008 онд сонирхогчдын боксын улсын аварга, залуучуудын улсын аварга болж байсан. Монголд болж байсан тулааны спортуудын бүхий л төрлүүдээр улсын аварга болж байсан. Зүүн Азийн наадамд уша санда боксын төрлөөр хошой хүрэл медальтай. Армийн гардан тулааны аварга. 2021 оны 11 сараас эхлэн холимог тулаанаар хүч үзэж 4 тулаанд ялаад байна.
Цаашид ялагдаагүй байгаа рекордоо үргэлжлүүлж ойрын хугацаанд том холбоонд орж үзүүштэй тулаан хийх хүсэлтэй байгаа. UFC, Bellator холбоонуудад тулалдах зорилготой.
Дуртай киноны хувьд “Аction movie”-д дуртай. Дуртай хамтлаг гэвэл “ Ice Top” хамтлагийн бүх дуунд дуртай.